Менделеевийн үелэх системийн 150 жилийн ойд зориулсан “Үелэх системийн олон улсын жил”-ийн хүрээнд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт Баянзүрх дүүргийн ЕБС-ийн багш, сурагчид оролцов. Тус хүрээлэнгийн эрдэмтэд тэдэнд үелэх систем болон химийн бодис, хог хаягдлын менежмент, химийн бодистой хэрхэн харьцах талаар сурталчлан таниулснаас гадна ном гарын авлагаар хангасан юм.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан “Энэ жил НҮБ-аас дэлхийн нийтээр үелэх системийг сурталчлах жил болгон зарласан. Энэ хүрээнд Менделеевийн үелэх системийг сурталчлах, сурагчдыг химийн шинжлэх ухаанд дуртай болгох, багш нарт химийн аюулгүй ажиллагаа, химийн бодисын талаар мэдлэг өгөхөөр энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Манай хүрээлэн судалгааны 11 лабораторитой. Тухайлбал, Органик химийн лабораторид Монгол орны газрын тос, байгалийн битум, шатдаг занар зэрэг органик гаралтай түүхий эдийн физик-химийн шинж чанар, найрлага, бүрэлдэхүүнийг тогтоох, нефть боловсруулж ямар бүтээгдэхүүн гаргах талаар, Нүүрсний хими технологийн лабораторид нүүрсийг хийжүүлэх, идэвхжүүлэх, нүүрсийг хүнд шингэний аргаар баяжуулах зэрэг судалгаа хийдэг” хэмээн тодотгов.
Мөн энэ үеэр тус хүрээлэнгийн эрдэмтэд үелэх системийн элементийг амар хялбараар цээжлэхэд нь туслах зорилгоор дуу бүтээснээ хүүхдүүдэд зааж өгсөн юм.
Мөн лабораториудтай танилцах, химийн шинжлэх ухааны сонирхолтой туршилтуудыг үзэж сонирхох боломж олгожээ. Тухайлбал, Материал судлал технологийн лабораторид усанд агуулагдах эрдсийг тодорхойлох, Биохимийн лабораторид хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах уураг, нүүрс ус зэрэг зарим нэгдлийг тодорхойлох туршилт хийж үзүүлсэн юм.
Тус хүрээлэн Монгол Улсад инновацыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, эх орны эрдэс, ургамал, амьтны гаралтай түүхий эдээс инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарааны 4 компанийг хүрээлэнгийнхээ дэргэд байгуулан, мэдлэг шингэсэн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Өдөрлөгийн үеэр цементгүй хөнгөн бетон, геополимер материал, үсний тэжээлийн тос, ясны шөлний ванны бөмбөлөг, шилмүүст модны эфирийн тос, ямааны хуурай сүү, хуурайшуулсан ингэний хоормог, гүүний хуурай саам, кальцижуулсан монгол давс, үнэр арилгагч ялзмагийн хүчлийн бэлдмэл зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн дэлгэсэн байлаа.