1911 онд Антарктид дахь Терра Новагийн экспедицийн үеэр Британийн геологич Томас Гриффит Тейлор цус мэт улаан өнгөөр урсаж буй хүрхрээг анх нээн, судалж эхэлжээ. Үүнээс хойш зуу гаруй жилийн турш энэхүү үзэгдлийг эрдэмтэд судалж ирсэн бөгөөд олон нийтийн хувьд ч сонирхол татсан сэдэв байсаар ирсэн юм. Харин Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид нэгэн шинэ нээлтийг хэвлэлийн мэдээгээр цацсан бөгөөд энэ нээлт нь эрдэмтэд төдийгүй олон нийтийн сонирхлыг татаад удаж буй байгалийн гайхамшиг болох “цуст хүрхрээ”-ний судалгааны үр дүн юм.
Жонс Хопкинсийн материалын шинж чанар, боловсруулалтын төвийн судлаач Кен Ливи цуст хүрхрээнээс авсан дээжийг судлахын тулд хүчирхэг дамжуулагч электрон микроскопыг ашиглажээ. Түүний хийсэн судалгаагаар усан дотор төмрөөр баялаг нано бөмбөлөг агуулагдаж байгаа бөгөөд энэ нь исэлдэх үйл явцыг идэвхжүүлж, жигтэй өнгө үүсгэдэг болохыг тогтоожээ. Эдгээр нано бөмбөлөг нь цахиур, кальци, хөнгөн цагаан, натри зэрэг элементүүдийг агуулж байсан бөгөөд өвөрмөц физик, химийн шинж чанартай байжээ.
Цуст хүрхрээний нууцыг бүрэн тайлахын тулд Антарктидын микробиологийг ойлгох нь маш чухал юм. Төмөр, давсаар баялаг энэхүү мөсөн голын усанд хэдэн сая жилийн турш оршин тогтнож ирсэн бичил биетүүд байдаг. Эрдэмтэд энэхүү өвөрмөц орчин болон түүн дотор орших амьдралын хэлбэрийг судлах нь дэлхийн талаарх бидний ойлголтыг сайжруулаад зогсохгүй харь гаргийн амьдралыг эрэлхийлэх судалгаанд томоохон ойлголт өгөх болно гэж үзэж байна.
Эх сурвалж:Scientists unveil mystery behind Antarctica's blood falls (interestingengineering.com)