Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар Японы Отаги их сургуулийн Эрдэм шинжилгээ Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, профессор Такаши Мацукаваг ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өв, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, археологич Цахар Чинзоригтын Саранбилэгийг ШУА-ийн “Хүндэт жуух” бичгээр тус тус шагналаа. Шагналыг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл гардуулан өгсөн юм.
Профессор Такаши Мацукава нь Монгол, Японы хамтарсан “Эрдэнэ зуу” төсөл, Булган аймгийн Дашинчилэн сумын үйсэн номуудыг илрүүлэн судлах, сэргээн засварлах ажилд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Харин археологич Ч.Саранбилэгийг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өв, археологийн хүрээлэнгийн хамтарсан экспедицэд тасралтгүй 10 жил үр бүтээлтэй ажиллаж, хоёр орны археологийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зүтгэл гаргасныг үнэлэн тус тус шагнасан байна.