Монгол Японы эрдэмтдийн
сүүлийн жилүүдэд хамтран хийсэн хадны бичээсийн судалгааны үр дүнгийн талаар
төлөөллүүд мэдээлэл хийлээ.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Цогтбаатар "Шинжлэх ухааны академийн түүх
археологийн хүрээлэнгийн эрдэмтэд 1996 оноос Японы эрдэмтэдтэй хамтран өнөөг
хүртэл хадны бичээсийг сурвалжлан олох, хадгалж хамгаалах чиглэлээр
хамтарч ажиллаж байна. 50 гаруй бичгийн
дурсгалыг судалгааны эргэлтэд оруулсан. Хадны бичгийн дурсгалыг нээж
илрүүлэх ажил олон жилийн туршид хийгдэж ирлээ. Энэ жилийн хээрийн судалгааны
үр дүнгээс Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Дэлгэрхангай уулын бичиг,
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сэрүүн хаалганы бичээсийг онцлон танилцуулж
байна. Манай улсын хамгийн эртний хадны
бичээс олдсон нь Дэлгэрхангай уулын бичиг юм.
Харин Сэрүүн хаалганы бичээс
нь эртний Зөрчин болон Хятад хэлээр бичигдсэн 1191 оны
үетэй холбогдоно. 1986 онд Зөрчин бичиг, 1991 онд Като, Цэвээндорж
нар Хятад бичгийг нь илрүүлсэн. 2001-2004 онд уг бичгийг тайлж унших,
баримтжуулах ажил хийгдсэн юм.
Уг бичгийн соёлын
үнэ цэнэ нь маш өндөр. Бид 2005 онд судалгаа хийж Сэрүүн хаалганы бичгийг
Чингис хааны үеийнх болохыг тогтоосон. Их Монгол улс Татартай байлдаан
хийсэн тухай нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Чингис хаантай хамтарч тус
байлдаанд оролцсон Алтан улсын жанжин Вангин Чинсан тус бичгийг үлдээсэн
гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Сэрүүн хаалганы бичиг нь Татар Их Монгол улсын
байлдааны тухай бичиг юм" гэлээ.
Түүхч, Монголч эрдэмтэн Косэцу Сүзуки "Дэлгэрхангай уулын бичиг нь Монголын хамгийн эртний хадны бичиг бөгөөд 1989 онд түүхийн хүрээлэнгийн профессор н.Очир багш үзэж судалгааны эргэлтэд оруулсан. Энэ нь Хятад бичиг юм.
1998 онд
Археологийн түүхийн хүрээлэнгийн захирал профессор н.Чулуун нарын эрдэмтэд
эртний ханз бичгийн бичээсийн хэвийг авч, судалгааны хүрээнд таниулсан
байдаг. Үүнээс хойш уг бичгийг унших оролдлогууд хийгдэж
байсан. Ингээд 2007, 2016 онд түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд
судалж баримтжуулалт хийсэн байдаг. Улмаар энэ оны долоодугаар сард уг бичгээс
нарийн хэв авах ажил хийгдсэн.
Дэлгэрхангай уулын бичиг нь Хүннү, Хан улс хоёрын
хоорондоо дайтсан тухай бичиг. Хамгийн гол асуудал бол хаданд бичсэн уг
бичгийн эх нь цаасан дээр үлдээд Хан улсын түүхэнд бүрэн эхээрээ орчихсон. Тийм
учраас судлаачид энэ бичгийн агуулгыг өмнө нь мэддэг байсан. Дээрх
хоёр улсын байлдаан хаана болсон талаар ихэнх эрдэмтэд зөрүүтэй тайлбар хийдэг.
Энэ бичиг дотор нэг гол, нэг уулын нэр гарч байгаа.
Янран гэдэг уулыг даваад Ангу гэдэг голыг гатлаад Хүннүгийн хааны ордонд хүрсэн тэгээд дайтсан тухай бичигдсэн байдаг. Янран гэдэг уул нь хангайн уул. Ангу нь Орхон гол юм гэж ихэнх түүхийн бичигт тайлбар хийсэн.
Гэтэл Дэлгэрхангай
ууланд бичиг нь олдсон чинь Янран уул нь Дэлгэрхангай уул байгаа юм. Энэ уул
хангайн уул биш. Тиймээс түүхийн бичгийн тайлбарыг шинээр авч үзэх хэрэгтэй
болсон. Дэлгэрхангай уулаас 35 километр
орчим зайд Онгийн гол байдаг.
Тэгэхээр Хүннү, Хан улсын байлдаан Дэлгэрхангай уулыг даваад Онгийн голыг гатлаад байлдсан юм шиг байна. Хүннүгийн хааны ордонг хаана байж болох вэ гэдгийг шинээр авч үзэх боломжийг олгож байна" гэв.
Гэрэл зургийг mpa.mn
Эх сурвалж: www.ikon.mn