Вэбсайтын цэс
Хэлний сонголт
40 ЖИЛИЙН ӨМНӨХ ЭНЭ ӨДӨР САНСРЫН НИСГЭГЧИД ХАМТАРСАН ТУРШИЛТАА ЭХЛҮҮЛЖ БАЙЖЭЭ
40 ЖИЛИЙН ӨМНӨХ ЭНЭ ӨДӨР САНСРЫН НИСГЭГЧИД ХАМТАРСАН ТУРШИЛТАА ЭХЛҮҮЛЖ БАЙЖЭЭ

 Өмнөх холбоос https://www.ac.mn/c/950432?content=1735904

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөө жил тохиож байна. 1981 оны 3 дугаар сарын 22-ны  өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.

 Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.

Энэхүү түүхэн үйл явдлыг эргэн дурсаж  нислэгийн багийнхан сансарт ниссэн эхний /1981,03,23/ өдрөөс эх дэлхийдээ бууж ирэх /1981,03,30/ өдөр  хүртлээ ямар туршилт судалгаа хийж байсан тэмдэглэлийг цувралаар бэлтгэн хүргэж байна.


 Сансрын нислэгийн хоёр дахь өдөр эмнэлэг биологийн хамтарсан туршилтуудаа эхлүүлжээ.

                                                  -1981 оны 3-р сарын 24-ний  өдрийн тэмдэглэл -

Эмнэлэг биологийн хамтарсан туршилтын зорилго,үр дүн:

Жингүйдлийн нөхцөлд хүний бие махбодын хариу үйлдлийн тогтолцоог гүнзгийрүүлэн судлах, хөлгийн бүхээг дотор урьдчилан сэргийлэх хамгийн тохиромжтой арга хэрэгсэл, тэдгээрийн ашиглалтын аргыг олж тогтоох нь орчин үеийн сансар судлалын онол практикийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Энэ зорилгоор тайван нөхцөлд багийн гишүүдийн эмнэлгийн үзлэгийн зэрэгцээ жингүйдлийн нөхцөлд сансрын нисгэгчдийн бие махбодын орчиндоо дасах үйл явцыг судлах, эх дэлхийдээ буцаж ирсний дараа газрын татах хүчний ердийн нөхцөлд сансрын нисгэгчдийн биеийн байдал хэрхэхийг урьдчилан дүгнэх зорилгоор янз бүрийн ачаалалтай сорилт туршилтуудыг хийсэн байна.

Тухайн нислэгийн богино хугацааны үед ч /2-8 хоног/ сансрын нисгэгчдийн зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт орж ачааллыг даах тогтвортой байдал нь буурдгийг тогтоогоод байна.

Энэхүү туршилтаар зүрх-судасны системийн хариу үйлдлийг судлахаас гадна тодорхой хэмжээний ажлын ачааллын  үед  сансрын нисгэгчийн зүрх- амьсгалын системийн үйл ажиллагаанд үнэлэлт өгч ингэснээрээ эцсийн дүндээ биеийн ажиллах чадварын өөрчлөлтийн талаар дүгнэлт хийх боломжийг олгодог байна.

Мөн сансрын нислэгийн үед эдгээр ажиллагааны үзүүлэлтүүдийн хоногийн дэглэмийн судалгааг явуулах нь жингүйдэлд хүний дасан зохицох хурц үед амьсгалын үйл ажиллагааных нь явцад үүсэх өөрчлөлтүүдийг гүнзгий судлах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудыг боловруулах боломж олгожээ. 


Бусад мэдээлэл