БШУЯ-ны дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академи, Санхүү, эдийн засгийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Энтрепренер Судлаач” үндэсний хөтөлбөр нь 2023-2024 оны хооронд 3 үе шаттайгаар хэрэгжиж, нийт 400 оролцогчдоос 18 бизнес төслийн санааг судалгаа боловсруулалт, технологи зүгшрүүлэлт хийж хөгжүүлсэн байна.
Энэхүү хөтөлбөр нь эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлэх, нөгөө талаас бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн оролцогчдод судалгааны арга зүй, технологи хөгжүүлэлтийн талаар мэдлэг олгох 2 талын ач холбогдолтой болсон бөгөөд тэдгээрийн олон талт инновацын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилготой юм.
Хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 14 цагаас Миллениум Плазад зохион байгуулагдаж оролцогчдын бизнес төслүүд, Шинжлэх Ухааны Академийн оюуны өмч, технологи, инновацын бүтээгдэхүүн, гарааны компанийг танилцуулна.