Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас 2017 оныг “Хүрээлэнд хүрч дэмжих жил” болгон зарласан билээ. Улмаар ШУА-ийн удирдлагууд 2017 оны эхний хагас жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа харьяа хүрээлэнгүүдийн нийт ажилтан, албан хаагчдад энэ сарын 3, 4-ний өдрүүдэд тайлагналаа.

Тэргүүлэгчдийн газраас энэ хагас жилийн хугацаанд удирдлага зохион байгуулалт, эрх зүйн орчныг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагаа өргөжүүлэх, шинжлэх ухааныг сурталчлах, соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр нилээд олон ажлуудыг төлөвлөж хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал ШУА-ийн гишүүний сонгууль, Бага чуулганы гишүүний сонгууль, Тэргүүлэгчдийн хурал, Захирлуудын зөвлөгөөн зэргийг амжилттай зохион байгуулжээ.

Түүнчлэн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ШУА-ийн мэдээллийн цахим системийг нэвтрүүлж, ашиглахад бэлэн болгосон байна. БСШУСЯ-тай хамтран “Эрдэмтдийн үг” цуврал 4 удаагийн лекцийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Мөн Нийслэлийн боловсролын газартай хамтран гурав дахь жилдээ “Эрдэмтдийн цуврал лекц”-ийг зохион байгуулж, палеонтологи, биологи болон ботаникийн чиглэлээр ерөнхий боловсролын 5 сургуулийн сурагчдад зориулж зохион байгууллаа. БОАЖЯ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гэрээний хүрээнд “Монгол орны байгаль орчин сүүлийн 30 жилд” 5 боть бүтээл бичих ажлыг эхлүүлээд байна. МҮОНТ-тэй хамтран “Монгол оюу мандал” телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэх ажлыг эхлүүлэн, хүрээлэн тус бүрээс “Монголын түүхэн дэх 30 шинэчлэл” сэдвийг гаргуулан сэдэв тус бүрийн товч санаа, агуулгыг тодорхойлон, нэвтрүүлэг хийхэд бэлэн болголоо.

Санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны Академи нь харъяа хүрээлэнгүүдийнхээ төсвийн төвлөрүүлэн захирагч болж, үүнтэй холбогдуулан ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн төсөв, санхүүгийн тайлан балансыг ШУТС-аас албан ёсоор шилжүүлж авлаа. Эрх шилжин ирснээс хойш хүрээлэнгийн төсвийг 270 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр гадаадын шинжлэх ухааны байгууллагуудтай 6 гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулж хамтран ажиллаж байна.

Харин эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны томилогдсон “ШУТ-ийн тухай хууль”, “Инновацийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцох ажлын хэсгүүд эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдээр явж, танилцан, уулзалт, ярилцлага зохион байгуулж, улмаар 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “ШУТ-ийн салбарын үйл ажиллагааг дэмжих зарим арга хэмжээний тухай” болон “Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны 17, 18 дугаар тогтоолууд гарч, тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллав. Мөн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас “Эрдэм шинжилгээний байгууллагын суурь санхүүжилт олгох журам”-ын хэлэлцүүлэг өрнүүлж, төсөл боловсруулан БСШУСЯ-нд хүргүүлээд байна.

Цаашид Тэргүүлэгчдийн газрын зүгээс холбогдох хууль эрх зүйн орчныг сайржуулах, суурь санхүүжилтийн асуудалд анхаарах, ШУА-ийн 2018 оны төсвийн төслийг боловсруулах, үүнд хоол, унаа, хээрийн судалгааны зардалд анхаарлаа хандуулан ажиллах юм. Түүнчлэн “Гадаадын төсөл дэмжих сан” байгуулахаар төлөвлөөд байна.


 



Бусад мэдээлэл