“Хятад, Монгол, Оросын Эдийн засгийн коридор”-ын Судалгааны Зөвлөлдөх Танхим (Тинк Танк)-ийн Удирдах Зөвлөлийн II Хуралдаан 9 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотноо боллоо.
Анхдугаар хуралдаан, Олон улсын эрдэм шинжилгээний чуулган Улаанбаатар хотноо 2015 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдөр болсон билээ. Гурван орны Судалгааны Зөвлөлдөх Танхим (Тинк Танк), түүний удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааны дүрэм, цаашид хэрэгжүүлэх йл ажиллагааны бодлого, стратеги, төлөвлөгөөг баталсан нь “Эдийн засгийн коридор”-ийн Улаанбаатарын анхны чуулган, баримт бичиг хэмээн нэрлэгдэх түүхэн ач холбогдолтой үйл явдал тохиосон билээ.
БНХАУ-ын Хөх хотноо болсон энэ удаагийн чуулган, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв, ӨМӨЗО-ны Хөгжлийн Судлах Төв, Өвөрмонголын Багшийн Их Сургууль, Өвөрмонголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи; Монголын талаас Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Олон Улсын Харилцааны Хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль; Оросын талаас Оросын Шинжлэх Ухааны Академийн Алс Дорнодын Салбар хамтран зохион байгуулсан юм.
Чуулган, эрдэм шинжилгээний хуралд монголын талаас Гадаад харилцааны яам, Сангийн яам, Шинжлэх ухааны академи, түүний харьяа хүрээлэн, МУИС, МУБИС-ийн 25 удирдах ажилтан, эрдэмтэн судлаачид оролцлоо. Үндсэн болон салбар хуралдааныг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нар тус тус удирдав. Үндсэн илтгэлийг монголын талаас академич Т.Дорж, проф. Р.Бандий, проф. В.Батцэнгэл, проф. Ж.Баясах, проф. Н.Батнасан, проф. Н.Уртнасан нар хэлэлцүүлэв. Салбар хуралдаануудад академич Б.Жадамба, проф. Д.Мөнхжаргал, Д.Энхжаргал, доктор Г.Пүрэвдорж, проф. Г.Чулуунбаатар, проф. Б.Санжмятав, дэд проф. Ш.Эгшиг, проф. С.Шийрэв-Адъяа, доктор Т.Цогзолмаа нар ьавьж хэлэлцүүлэв.
Хурлаар гурван орны эрдэмтэн судлаачид Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг байгуулах, хил дамнасан зам тээвэр, байгалийн хийн дамжуулах хоолой, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбар, мал аж ахуй, газар тариалан, байгаль хамгаалал, экологи, худалдаа, үйлчилгээ, соёл, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн харилцаа зэрэг үндсэн болон дэд илтгэлүүдийг хэлэлцүүлж, санал, бодлоо илэрхийлж, үнэтэй санал, зөвлөмжүүдийг дэвшүүлж байв.
“Эдийн засгийн коридор”-ын ээлжит III хуралдаан 2017 онд зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээг ОХУ-ын Улаан-Үүд хотноо зохион байгуулахаар болжээ.