Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СУДЛАЛ БА НИЙГЭМ-УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХИЙН АСУУДАЛД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СУДЛАЛ БА НИЙГЭМ-УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХИЙН АСУУДАЛД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойд зориулсан “МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СУДЛАЛ БА НИЙГЭМ-УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХИЙН АСУУДАЛД” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна.

Тэрээр буддын йогачара философи, Ноён хутагт Данзанравжаагийн гүн ухааны үзлийг системтэй судалж, эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан нь өнөө хэр судлаач, суралцагчдын ширээний ном, гол эх сурвалж болсоор байна.

Профессор Г.Лхагвасүрэн агсны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Удирдлагын академи, “Гүржавын Лхагвасүрэн” сан хамтран зохион байгуулж байна. Хурлыг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МУИС-ийн ШУС-ийн захирал доктор (Ph.D.), профессор Г.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн захирал доктор (Ph.D.), профессор С.Зүльфикар нар нээж үг хэллээ.

Уг хурал нь “Монголын буддын судлалд”, “Монголчуудын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх судлалд”, “Ноён хутагт Данзанравжаа судлалд”, “Сэтгэлийн тухай буддын сургаалын судлалд” гэсэн дөрвөн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж, салбарын нэр хүндтэй эрдэмтэд илтгэлээ танилцуулж бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайлбал, доктор (Sc.D.), профессор, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Л.Тэрбиш “Жанжаа хутагт Ролбийдорж төгс зохионгуйн товч”,  доктор профессор С.Янжинсүрэн, доктор профессор Б.Дагзмаа нар “Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх интердисциплинар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага”, доктор профессор Б.Тунгалаг “Г.Лхагвасүрэнгийн “Ноён хутагт Данзанравжаа” бүтээл дэх нийгэм-зан суртахууны орчин үеийн ач холбогдол”, доктор профессор Т.Булган “Буддын Йогачара философийн зарим категиоруудыг авч үзэх нь”, доктор профессор М.Гантуяа “Сэтгэлийн чанар ба гүн ухааны мэтгэлцээн” сэдэвт илтгэлээ танилцуулсан. Нийт 17 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Эрдэмтдийн танилцуулсан илтгэлд буддын шашин нь монголчуудын ахуй амьдралд бүрнээ нийцснээс гадна буддизм нь онол, арга зүйн хувьд төрийн хэргийг эрхлэн явуулахад эерэг нөлөө үзүүлснийг дурдаж, аливаа асуудалд төвч бөгөөд нарийн тунгаасан байр сууринаас хандах арга зүй нь энгийн иргэнээс төрийн хүн хүртэлх нийгмийн гишүүн бүрд чухал, нийгмийн зан суртахууны төлөвшил, төрийн албан хаагчийн ёс зүйд Буддизмын ёс зүй гол үүрэгтэй байж болохыг сануулсан сонирхолтой агуулгатай илтгэлүүд танилцууллаа. Мөн буддын судлалын онцлог судлагдахуун асуудлуудыг хөндөж хэлэлцүүлсэн нь залуу судлаач, суралцагчдын цаашдын эрдэм судлалын ажилд нь чиглэл болж өгсөн ач холбогдолтой хурал боллоо.

 Монголын гүн ухаан, буддын судлалын шинэ үеийн тэргүүлэх төлөөлөгчдийн нэг доктор, профессор Гүржавын Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд  хамт ажиллаж байсан багш, судлаачид, найз нөхөд, үр хүүхэд, шавь нар нь хамтран “Гүржавын Лхагвасүрэн” сан байгуулж, Г.Лхагвасүрэн агсны “Сэтгэл төдийтний гүн ухаан”, “Ноён хутагт Данзанравжаа (гүн ухааны үзэл)” хоёр бүтээлийг дахин хэвлэж уншигч олны хүртээл болгоод байна.

Г.Лхагвасүрэн агсан нь ШУА-ийн Философийн хүрээлэнгээс эрдэм судлалын ажлын гараагаа эхэлж, тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн зөвлөх, Удирдлагын академийн Эрдэм сургууль, Удирдахуйн ухааны хүрээлэнгийн захирал, МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн эрхлэгч зэрэг төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад хариуцлагатай албан тушаалыг нэр төртэйгээр хашиж байсан билээ.  

 


Бусад мэдээлэл