З.Түмэн-Өлзийд ШУА-ийн “Хүндэт доктор” цол олголоо
Оюун ухааны олон улсын
музейг үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзийд өнөөдөр Монгол улсын
ШУА-ийн “Хүндэт доктор” цол олголоо.
Энэхүү цолыг “Оньслох аргаар 3500 орчим
оньсон бүтээл үйлдвэрлэж 5000 гаруй техникийн зураглал, томьёолол, тодорхойлолт
боловсруулан гаргаж, зохиогчийн эрх патентаар баталгаажуулсныг болон Монгол
үндэсний оньсон тоглоом наадгайн уламжлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож байгаа юм байна.
Оюун ухааны олон улсын
музейд өдгөө 130 гаруй улс орны
оюун ухааны 11000 бүтээл тавигдсан байдаг. Энд дэлхийд алдартай урлагийн бүтээлүүд,
ертөнцийн долоон гайхамшгийн нэг алдарт Эйфлийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө,
сансрын хөлөг, хүн, сүм хийд, байшин барилга зэргийг
зөвхөн оньсоор угсардаг байдлаар хийсэн нь дэлхийд байхгүй гайхамшгууд болжээ. Тус
музейг зөвхөн тоглоомын музей мэтээр өнгөц ойлгодог тал байдаг. Гэвч энэ бол төрөл бүрийн шинжлэх ухааныг тоглоомын аргаар хялбаршуулж ойлгуулах Шинжлэх ухаан танин мэдэхүйн музей юм. Тоглоомын музей бол
дэлхийгээр олон байгаа. Харин шинжлэх ухааныг агуулсан ийм музей байхгүй гэж
үүсгэн байгуулагчид дүгнэжээ. Дашрамд сонирхуулахад, тус музейд
хамгийн жижиг буюу 4 миллиметр дүрстэй 10 сантиметр хөлөгтэй ясан шатраас
эхлээд дахин давтагдашгүй нийт 360 гаруй шатар бий. Түүний нэг нь дэлхийд
хамгийн томд тооцогдох Ромбо хэлбэрийн шатар бөгөөд хөлөг нь 7-6 метр
хэмжээтэй, бүх зүйл нь оньсны аргаар задарч угсрагддаг. Шатрын хар талыг Монгол улсын түүхэн бодит
хүмүүс болох Чингис хаан, Цогт тайж, Мандухай цэцэн хатан зэргээр төлөөлүүлэн
танигдахаар бүтээж, цагаан талыг нь орчин үеийн Монголын алдар нэртэй хүмүүсээр
төлөөлүүлэн сийлбэрлэжээ. Мөн далны ясан шатар бий. Энэ нь Монгол ба Япон
сумочдыг хоёр тал болгон урлаж, 209 эрдэнийн чулуун шигтгээгээр чимэглэжээ.
Хамгийн үнэтэй шатар бол нэг талыг нь алтаар нөгөө
талыг нь мөнгөөр шарж хийсэн оньсон шатар бөгөөд зөвхөн ширээнд нь 18 төрлийн
1022 ширхэг үнэт чулуу шигтгэсэн шатар байна.
Оюун ухааны олон улсын
музейн үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзийн сүүлийн үеийн бүтээлээс дурдвал Чингис хааны
музейд хийсэн оньсон хаалга болон оньсон бүтээлүүд тавигдсан
байдаг юм байна.
Бусад мэдээлэл