Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Олон улсын сургалт семинар зохион байгуулав
Олон улсын сургалт семинар зохион байгуулав

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Эрдэм Шинжилгээ Мониторингийн хэлтсээс, Хятадын Шинжлэх Ухааны Академи (CAS)-ийн Компьютер сүлжээ мэдээллийн төв (CNIC)-ийн “Дэлхийн нээлттэй шинжлэх ухааны клауд (GOSC)” - Олон улсын хөтөлбөрийн алба болон Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн Өгөгдлийн Хороо (CODATA)-той хамтран “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТТЭЙ ДЭД БҮТЭЦ” сэдэвт сургалт, семинарыг 2024 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл сургалт, семинарыг нээж хэлсэн үгэндээ “Өсөн нэмэгдэж буй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх, судлаачдыг чадавхжуулахад нээлттэй шинжлэх ухаан, олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг онцлон, Монгол улсад Нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэхэд уг сургалт семинар чухал ач холбогдолтой болох”-ыг дурдлаа. Компьютер, сүлжээ мэдээллийн төвийн GOSC-Олон улсын хөтөлбөрийн албаны Олон улсын хамтын ажиллагааны менежер хатагтай Ю Чен Нээлттэй шинжлэх ухааны клаудыг нэвтрүүлэх замаар хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинжлэх ухаан, инновацыг дэмжихэд бэлэн байгаа талаараа мэдэгдлээ.

Сургалт, семинарыг цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ажилладаг дотоодын болон гадаадын судлаачдыг хамруулсан бөгөөд Бүс нутгийн цаг уурыг таамаглах, загварчлах; Орон зайн өгөгдлийг ашиглах; Их өгөгдлийг ашиглах талаар холбогдох сэдвүүдийг хэлэлцүүлж, практик сургалтыг GOSC платформ дахь цахим дэд бүтэц бүхий технологийг ашиглан гүйцэтгэлээ.

Сургалтад 18 байгууллагын 30 төлөөлөл танхимаар, цахимаар 60 гаруй судлаач хамрагдав. Уг хамтарсан сургалт, семинар нь нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулах арга замыг судлах хамтын ажиллагааны чухал үе шат бөгөөд бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх, дэлхийн нээлттэй шинжлэх ухааны яриа хэлэлцээрийг ахиулах суурь болж байгаагаараа онцлог юм.



Бусад мэдээлэл