Ерөнхийлөгчийн Тамгын газраас /2022.11.23/ "Чингис хаан" одон хүртээх талаар өнөөдөр /2022.11.23/ мэдээлэл хийлээ.
"Чингис хаан" одонг маргааш ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич Д.Доржготов, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нарт олгохоор болжээ.
Энэ нь удаа "Чингис хаан" одонг анх удаа хоёр эрхэмд, мөн гадаад улсын иргэнд олгох гэж байгаагаараа онцлогтой байна.
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг олгох, нэр дэвшүүлэх журам байдаг. Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан.
Журамд Чингис хаан одонг Монгол Улсын хамтлаг, хувь иргэн, хуулийн этгээдэд, мөн журмын 2.1.12-т улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлахад, тус улсын эдийн засаг нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр нийгмийн зүтгэлтэн, иргэд, эрдэмтдэд энэ шагналыг олгож болно гэж заасан. Энэ шагналд дэвшүүлдэг журам бий бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирүүлж, дэвшүүлдэг. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас авч үзээд, Ерөнхийлөгчид танилцуулж, шагнал олгодог журамтай.
Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 буюу тэгш жилийн ой тохиож байгаа. Иймд түүх соёлоо сурталчлах зорилгоор томоохон олон ажлыг хийж байна. Тухайлбал, их хааны эш хөргийг залах зарлиг гаргасан, Засгийн газраас ойн хүрээнд "Чингис хаан" хаад язгууртны музейг нээж, ашиглалтад оруулсан. Үүгээр дамжуулж, Чингисийн билиг сургаалийг таниулан сурталчлах, ШУА-тай хамтран олон улсын хурал зохион байгуулсан зэргээр олон талт ажил хийсэн. Иймд Чингис хаан, эзэнт гүрний судлалаар, Монголын түүх соёлын асуудлаар олон улсын тавцанд Монголыг сурталчилж буй нэрт эрдэмтэнд олгож байгаагаа хэлмээр байна" гэлээ.
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор, академич Д.Доржготов нь Монголын хөрс судлал, байгаль орчны чиглэлээр олон бүтээл туурвисан, нэрт эрдэмтэн, академи, ахмад эрдэмтдийн нэг.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний 30 гаруй сэдэв, төслийн хүрээнд Монгол Улсын хөрс байгаль орчин, экологийн чиглэлээр судалгааны ажил хариуцан гүйцэтгэж дотоодын болон эх орны ихэнх нутгийг хамарсан хээрийн экспедиц зохион байгуулж 310 гаруй бүтээлийг дангаар болон хамтран туурвиж, 80 гаруй бүтээл нь орос хэл дээр, 30 орчим бүтээл нь англи, герман хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн нэрт эрдэмтэн. Мөн түүнчлэн хөрсний гарал үүсэл газар зүй, ангилал, үржил шим, чанарын ангилал зэрэгт ихээхэн анхаарч олно арван бүтээл гаргасан. 1970 оноос эхлүүлэн Монгол орны газар зүйн байрлалыг тогтоох, хөрсний ангилал зүй, “Монгол орны хөрс” хэмээх томоохон судалгааны бүтээлийг хэвлүүлж байсан. Хөрсний суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарч, 1975 онд Монгол орны хөрсний маштабын зургийг зохион бүтээж оросын эрдэмтэдтэй хамтарч, 1х3 сая маштабын зургийг шинэчлэн боловсруулсан гээд хөрс судлал, зураг зүйн шинжлэх ухааны онцгой бүтээлүүд нь өнөөдөр та бидний хэрэглээнд ашиглагдаж байна. "Монголын нэвтэрхий толь", "Монголын байгаль орчны нэвтэрхий толь" гэх бүтээлүүдэд оролцож, Монголын шинжлэх ухааны салбарт төдийгүй газар зураг зүйн салбарт олон гавьяа байгуулсан эрдэмтэн юм.
АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфорд нь Монголын түүх соёл, Чингис хаан, эзэнт гүрний талаар олон бүтээл туурвисан. Түүний 2004 онд гаргасан “Өнөөгийн эзэнт гүрэн ба Чингис хаан” бүтээл нь “Нью Йорк” таймс сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь хэвлэгдэж, 20 гаруй улс оронд хэвлэгдсэн. Энэхүү бүтээлээр Монгол ба Чингис хааны талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, хууль эрх зүй, дипломат халдашгүй байдал, шашны эрх чөлөө сүм хийдээс ангид байх тогтолцоог тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан юм гэдэг үзэл санааг дэвшүүлсэн. Мөн 2010 онд “Монгол хатдын нууц товчоо” номыг зургаан улсын хэлээр орчуулагдаж, олон орны хүртээл болсон.
Маргааш Чингис хааны бахархлын өдөр холбогдох хууль журмын дагуу одонг олгоно.