Өглөөний цайгаа роботоор бэлдүүлж, 3D-гээр хэвлэсэн
эрхтэнээр өвчтэй эрхтэнээ солиулж, 100-120 насалж дажгүй аятайхан амьдрах
боломжийг өгөх хувьсгал эхэлчихлээ гэж эрдэмтэд хэлж байна. Амьдралыг орвонгоор
нь өөрчлөх энэ хувьсгалыг учир мэдэх улс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал
хэмээн нэрийдэж буй. Жолоочгүй автомашин замаар сүнгэнэлдэж, шийдвэр гаргадаг
ухаалаг роботууд гол үүрэг гүйцэтгэж, 800 орчим ажлын байр зах зээлээс
шахагдаж, олон сая хүн ажилгүй болж, зөвхөн авьяас, чадвартайд нь боломж олдож,
эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг онлайнаар хянаж энэ тэр гээд яривал хүн төрөлхтний
алхаад орчихсон дөрөвдүгээр хувьсгалд чих сортойлгом огцом өөрчлөлтүүд өрнөх
бололтой. Энэ бол ШУА-иас өчигдөр зохион байгуулсан “Аж үйлдвэрийн дөрөв дэх
хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” сэдэвтэй эрдэм шинжилгээний
бага хуралд оролцсон эрдэмтдийн төсөөлөл таамаглалууд. Ганц манай эрдэмтэд биш,
цэнхэр гаригийн мундагчуул ч дэлхийн хэвлэлүүдээр дөрөвдүгээр хувьсгалын тухай
элдэв сонин хачин таамаглалуудыг хөврүүлж байгаа. Энэ өөрчлөлтүүд өчнөөн жилийн
хойно биш, үсрээд арав хорин жилийн дараа амьдралд биеллээ олох нь.
ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн
дарга доктор Б.Авид “Хүн төрөлхтний эхний хоёр хувьсгал нүүрстэй, дараагийн
хоёр хувьсгал компьютертэй холбоотой. Гар ажиллагаа механик болтол 120 жил
шаардсан бол интернэт аравхан жилийн дотор хүчээ авлаа. Тэгэхээр дөрөв дэх
хувьсгал хэдий хугацааны дотор хүчээ авахыг таамаглашгүй” гэсэн бол ШУА-ийн
ерөнхийлөгч Д.Рэгдэл “Хувьсгал хоорондын зай ойртоод байгаа. Бидний хувьд амжиж
галт тэргэнд суух уу, эсвэл дэлхийн хөгжлийн зах хязгаарын буйдхан тосгон байх
уу гэдгээ шийдэх үетэй нүүр тулчихлаа” хэмээн байр сууриа илэрхийлэв. Д.Рэгдэл
академичийн ярианаас дөрөвдүгээр хувьсгалын үед хүн хоорондын харилцаа зөвхөн
гэр бүл гэсэн багахан орон зайд үлдэнэ гэсэн санаа содон сонсогдов. Б.Авид
докторынхоор технологийн хувьсгалд хүн хэргээ алдахгүй, дэлхий чадварлаг
ажилтны төлөө “дайтах” гэнэ. Америк, Европ аль хэдийнэ чадварлаг ажилтнаар
ангаад эхэлжээ. Өнөөдөр дундаж ажилтнууд хөдөлмөрийн зах зээлийн ихэнхийг
эзэлж, чадварлаг, өндөр түвшний ажилтнууд багахан хувь байгаа бол ирээдүйд энэ
харьцаа эсрэгээрээ эргэх аж. 2030 онд дэлхийн хүн ам найман тэрбумд хүрч,
хуульч, санхүүгийн шинжээч, сэтгүүлч, нягтлан бодогч зэрэг хэдэн зуун мэргэжил
роботуудад зайгаа тавьж өгнө хэмээн эрдэмтэд онцолж байна.
Эрдэм шинжилгээний хуралд
урилгаар оролцсон УИХ-ын гишүүн Н.Учрал өмнөх хувьсгалууд зарим салбарыг хамарч
байсан бол дөрөвдүгээр хувьсгал бүх салбарыг хамарч дэлхийг тэр чигт нь
өөрчилнө гэж ярьж байлаа. Түүний хэлснээр энэ долоо хоногт Цахим бодлогын түр
хороо байгуулагдах нь. Асар хурдтай өрнөж буй дөрөвдүгээр хувьсгалд бэлдсэн
ажлын суурийн эхлэл нь энэ байх хэмээн эрдэмтэд олзуурхаж байв. Хөгжилтэй улс
орнуудын тухайд дөрөвдүгээр хувсгалд бэлдэж, зарим нь бүр хөтөлбөрүүдээ гаргаад
эхэлжээ.
Эрдэмтэн судлаачид дөрөвдүгээр
хувьсгал анагаах, боловсрол, хөнгөн үйлдвэр, уул уурхай, байгалийн шинжлэх
ухаан, физик, химийн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн асуултад хариу хайсан
илтгэлүүдийг энэ өдөр тавьсан юм.
Аж үйлдвэрийн дөрөв дэх
хувьсгалын үеийн дээд боловсролын тухай илтгэлд 2018, 2020 онд төгсөх
оюутнуудын чадварыг эрэмбэлсэн нь сонирхолтой санагдав. Энэ жил төгсөх оюутнуудын
бүтээлч сэтгэлгээний чадвар 10-т жагссан бол дөнгөж хоёрхон жилийн дараа
сургуулиа дүүргэх төгсөгчдийн хувьд бүтээлч сэтгэлгээ гуравт эрэмбэлэгдэх нь.
Өнөө жилийн төгсөгчдөд огт байхгүй танин мэдэхүй, сэтгэлийн ухаан гэсэн
чадварууд хоёр жилийн дараа төгсөх оюутнуудын зайлшгүй эзэмших ёстой чадварт
багтжээ. Судалгааг гэхэд л шинжлэх ухааны салбар дамжин хийдэг болно, хичээлийн
байргүй, зөвхөн оюутны байр, лабораторитой сургуулиуд ажиллана, оюутнууд нь
дэлхийгээр нэг явж холын зайнаас багахан хугацаанд багштайгаа харилцах гэх мэт
өөрчлөлтүүд өрнөх гэнэ. Түрүүчээсээ ажил болоод эхэлжээ. Сонирхуулж хэлэхэд
Францт хүүхдүүдийг гурван наснаас нь яслид биш сургуульд орсон хэмээн үздэг
болж. Ийм шалтгаанаар хүүхдээ гурван наснаас нь яслид хамруулаагүй эцэг, эхчүүдийг
торгох хууль баталжээ. Ясли, цэцэрлэгт нь сургуульд юу үзэхийг, дунд сургуульд
нь их, дээд сургуульд ямар хичээл орохыг чиглүүлж зүглүүлэх тогтолцоо
түрүүчээсээ бүрдэж эхэлсэн нь энэ аж.
Уул уурхайн хувьд техникүүд
бүхнийг амжуулна, нүүрс, зэс моодноос гарахгүй, харин ч хэрэглээ нь өснө гэсэн
өөдрөг таамаг дуулдав.
Дөрөвдүгээр хувьсгалын амин
зүрх нь мэдээллийн технологи гэдэг дээр эрдэмтэд санал нэгдэж байсан юм.
ШУТИС-ийн профессор доктор А.Эрдэнэбаатарын “Мэдээлэл холбооны технологи аж
үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь” илтгэл сонирхолтой
мэдээллээр дүүрэн өрнөлөө. Тэрээр “Дөрөвдүгээр хувьсгалын гол үнэ цэнэ бол
ерөөсөө л мэдлэг шаардсан хөдөлмөрийг машинаар орлуулах тухай асуудал. Аливаа
аж үйлдвэрийн хувьсгалыг технологи тодорхойлдог. Дөрөвдүгээр хувьсгалыг
тодорхойлогч нь экспоненциал технологиуд. Энэ технологийг эзэмшсэн хувь хүн,
компани өнөөдөр хамгийн хүчирхэг нь байна. Экспоненциал технологийн шинжийг
Стивен Кохлер гэдэг хүн 6D гэсэн товчлолоор тайлбарласан нь бий” хэмээн
илтгэлээ эхэллээ.
Зургаан шинжийн эхнийх нь тоон
технологи аж. Тоон камер, тоон хөгжим, тоон видео, сүүлдээ бүр мөнгө тоо
болсныг уншигчид андахгүй. Хоёр дахь D-г нь А.Эрдэнэбаатар доктор
“таамаглашгүй” гэж орчуулжээ. Хүн чигээрээ 30 алхахад шулууны хуулиар бол 30
метр л явна. Харин экспоненциалаар алхвал дэлхийг 13 тойрох их хурдыг үзүүлэх
нь. Энэ чанарыг нь таамаглашгүй буюу deceptive гэж тодорхойлж. Экспоненциал
технологийн гуравдахь шинж нь сүйтгэгч гэнэ. Илтгэгч энэ шинжийг “Эерэг утгаар
ойлгоосой гэж хүсч байна. Uber нэг ч таксигүй мөртлөө дэлхийн хэмжээнд таксины
үйлчилгээ явуулдаг. Netfix компани кино прокат гэдэг уламжлалт ойлголтыг 100
хувь эвдсэн. Үүнийг л хэлээд байгаа юм” хэмээн тайлбарлав. Харин дөрөв дэх шинж
нь үнэгүйдэх юм байна. Илтгэгч тоон зургийг камертаа хадгалдаг болсноос хойш
плёнканы бизнес алга болсон гэсэн энгийн жишээ зүүв. Үүнээс гадна материаллаг
бус, ардчилсан гэсэн шинжүүд бий аж.
Дөрөвдүгээр хувьсгалд амьдралд
орж ирэх технологиудын тухай илтгэгч сонирхууллаа. Түүний онцолсон технологийн
нэг нь 3D хэвлэл. 2020 он гэхэд нийт үйлдвэрлэлийн үйлдлийн 75 хувийг 3D
хэвлэлээр хийх юм байна. Автомашин үйлдвэрлэгч “Женерал моторс” компани гэхэд л
855 эд ангиас бүрддэг хөдөлгүүрийг 12-хон эд ангиар хийдэг болно хэмээн дуугарчээ.
Бүгдийг нь хэвлээд залгачих бололтой. Өдгөө л гэхэд бууг гэртээ сууж байгаад
3D-гээр хэвлэх болжээ. Хүний эрхтнийг хүртэл хэвлэнэ гэхээр юуг бол юуг хэвлээд
байх нь. Дараагийн онцолсон технологи нь дэвшилтэт шинжилгээ. А.Эрдэнэбаатар
доктор “Хуучин цагт газрын тос хамгийн үнэтэй баялаг байсан бол өнөөдөр дата
өгөгдөл хамгийн үнэтэй нь. Өгөгдлийг хэн арвинаар цуглуулж ухаалаг
боловсруулалт хийнэ тэд хожино. Оновчтой шийдвэр гаргах түвшинд шинжилгээ
хийнэ. 232 тэрбум ам.долларын зах зээл. Олон салбар хэрэглэж байгаагийн нэг нь
банк санхүү. Тэнд цугласан их хэмжээний өгөгдөл дээр зөв боловсруулалт хийгээд
хэнд зээл өгөхөө шийдэж байна” гэж тайлбарлав.
Хиймэл оюун ухааны хэсэг
хамгийн сонирхолтой нь санагдав. Илтгэгч “Хүний оюун ухаан шаардсан зүйлийг
компьютероор хийхийг л хэлээд байгаа юм. Одоогоос олон жилийн өмнө Каспаров
компьютерт ялагдсан. Тэр цагаас хойш шатраар хүн компьютерийг ялах уу гэдэг
асуулт байхаа больсон. Өнгөрсөн жил шатраас илүү гэж ярьдаг го даамаар машин
хүнийг хожоод эхэлсэн. "Гүүгл" компани хиймэл оюуны софтвэйр худалдаж
авч сайжруулаад "aльфа гөү" гэж программ хийсэн. 100 мянган өрөг
оруулангуут сураад дэлхийн аваргыг хожсон. Тэр программаа сайжруулаад
"альфа зеро" гэж программ хийсэн юм. Тэндээ го даамны үндсэн дүрмийг
оруулаатахсан чинь гурван өдөр өөрөө өөртэйгөө тоглож, илүү ухаалаг болж
хөгжөөд гурав дахь өдрийн дараагаас өөрийг нь төрүүлсэн программыг хожоод
эхэлсэн. Машин сургалт ийм хэмжээнд хүрсэн. Жилийн 55 хувийн өсөлттэй зах зээл.
Ямар сайндаа 2015 онд Стивен Хопкинг тэргүүтэй эрдэмтэд хиймэл оюун ухаан
бүтээчихээд "Наадах чинь хяналтаас гарах вий" гэж сануулсан ил
захидал бичиж байхав” гэж ярилаа.
Блокчейн технологийг мөн
онцлов. Сүүлийн үед шуугиад байгаа цахим мөнгө олборлох нь энэ технологийн
зөвхөн нэг хэрэглээ нь аж. Амьдралд хэрэглэж байгаа нэг жишээ нь сонгуулийг
блокчейн технологиор хийж эхэлжээ. Жилийн 61 хувийн өсөлттэй бизнес юм байна.
Эх сурвалж: Өдрийн сонин Ц.Баасансүрэн