Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Н.ОЧГЭРЭЛ: “ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ЭНЭ ЖИЛ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХӨДӨЛГӨӨН” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Н.ОЧГЭРЭЛ: “ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ЭНЭ ЖИЛ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХӨДӨЛГӨӨН” УРИАТАЙ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Өнөөдөр “Олон улсын  эх дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдөр  “Амьдарч байгаа эх дэлхийнхээ ирээдүйгээ  хайрлан хамгаалахын төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэн илүү их хор уршиг тарихгүйн төлөө тэмцэх”-ийг уриалдаг.    

Өнөө жил “Эх дэлхийн өдөр”-ийн 50 жилийн ойн тохиож байгаа юм байна. Жил бүр энэ өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд “Climate action” буюу “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Энэ талаар  ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын генофонд, интродукцийн лабораторийн эрхлэгч,  доктор (Ph.D) Н.Очгэрэлтэй ярилцлаа.

 

-Эх дэлхийн өдрийг дэлхий нийтээрээ хэрхэн тэмдэглэдэг, ямар ажил өрнүүлдэг юм бол?

-“Эх дэлхий өдөр”-ийг олон улсын хэмжээнд бидний өнөөдрийн болон ирээдүйн амьдралд чухал үүрэг бүхий дэлхийн байгаль орчин, экосистемүүдийн асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор тэмдэглэдэг.

 Эх дэлхийн иргэн бүрийг багтаадаг дэлхий ээждээ талархал илэрхийлэх өдөр юм. Эх дэлхийн өдрийн хүрээнд дэлхийн олон оронд экологийн аюулаас хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Эх дэлхийн өдөр”-ийн 50 жилийн ойн тохиож байгаагаараа онцлогтой. Жил бүр тус өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд “Climate action” буюу “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

 

-Энэ өдрийг угтаж  манай судлаачид, эрдэмтэд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Та бүхний үүрэг оролцоо, дуу хоолой мэдээж  их байдаг байх?

-Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах гэсэн стратегийг барьж  ажиллаж байна.

Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөнд өртөгдөн ургамлын төрөл зүйлийн хомсдолд нэрвэгдэж буй даян дэлхийн 8 дахь орон болсон. Тиймээс манай улсад өнөөдөр хүний үйл ажиллагааны нөлөөгөөр биологийн олон янз байдлын амьдрах орчин доройтож, улмаар тэдгээрт дасан зохицох төрөл зүйлийн тоо, хомсдох шалтгааныг хохирол багатайгаар даван туулахад онолын болоод практик мэдлэгийг түгээх, гамшгийн эрсдлийг бууруулах зэргээр дасан зохицохуйн стратегийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд судлаач эрдэмтэд хамтран, шат дараатай ажлуудыг хийгээд  явж байна.

 

-Иргэдийн анхаарлыг энэ өдөрт хандуулахын  ашиг тус нь юу вэ?

ехник технологи хөгжихийн хэрээр эх дэлхий маань сүйдэж, бохирдож байна. Ингэснээр хүн төрөлхтөн эргээд агаар, хөрс, усны бохирдлоос болж эрүүл мэндийн асуудалтай болсон. Дэлхийн  томоохон  судалгааны байгууллагуудын судалгаагаар агаар мандалд хүний үйл ажиллагаагаар хүлэмжийн хий нэмэгдсэнээс уур амьсгал өөрчлөгдөж байгааг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бид эх дэлхийнхээ ирээдүйн төлөө, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн үүрэг хариуцлага чухал гэдгийг ойлгуулснаар байгальдаа хор уршиг тарихгүйн төлөө тэмцэж, тэрхүү тулгамдсан асуудал өөрчлөлтөөс урьдчилан сэргийлж чадна.  

 

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дээр одоо хийгдэж буй ямар шинэ судалгаанууд байна. Тэр талаар сонирхуулаач?

-Дэлхийн ургамлын баялгийг хадгалан хамгаалахад манай Ботаникийн цэцэрлэг тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Манай хүрээлэн  чиг үүргийнхээ дагуу Монгол орны байгалийн ховор, нэн ховор, гадаадын гаралтай гоёл чимэглэлийн ургамлыг тарималжуулах, нутагшуулах туршилт судалгааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар 59 овгийн 141 төрөл, 305 зүйл, үүнээс байгалийн ургамлын хуулийн хавсралтанд орсон ховор, нэн ховор 70 зүйлийн мод, сөөг өвслөг ургамлын амьд цуглуулгыг бүрдүүлэн,тарималжуулсан хадгалалт хамгаалалтыг хийж байна.  Мөн манай улс байгаль хамгаалах олон улсын конвенцид нэгдсэн улсын хувьд тус конвенцийн 2011-2020 хүртэлх байгалийн ургамал хамгаалах дэлхийн стратегийн 16 заалтыг шууд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн  ажил Ботаникийн цэцэрлэг дээр одоо хэрэгжиж эхлээд явж байна.  


Ботаникийн цэцэрлэг дэх туршилт судалгааны ургамлын цуглуулгын хэсгээс

  




Бусад мэдээлэл