Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Гумины бордоо нь цөлжсөн хөрсийг сэргээн засах хүчирхэг хэрэгсэл болох нь сүүлийн үеийн судалгаануудын дүнгээр нотлогдож байна
Гумины бордоо нь   цөлжсөн хөрсийг сэргээн засах хүчирхэг хэрэгсэл болох нь сүүлийн үеийн судалгаануудын дүнгээр нотлогдож байна


ГУМИНЫ БОРДООГ (ГУМАТ) МОД ТАРЬЖ УРГУУЛАХАД “ХЭРЭГЛЭХ” СУДАЛГААНЫ ДҮН, ТУРШЛАГА, ЗӨВЛӨМЖ

Мод, бут, зүлэг ногоог тарьж ургуулахад   туслах хүчирхэг хэрэгслийн нэг нь гумины бордоо (гумат) болохыг  олон жилийн судалгаа, туршилтын дүн, хэрэглээний практик нотолж байна.   

1990 – ээд оны үед  хийгдсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн ба  Агросургалт хоршоо - Сүхбаатар дүүргийн агропаркийн хамтарсан судалгааны  дүнгээс   үзвэл, бүх төрлийн ногооны үр, улиас, үхрийн нүд, бөөрөлзгөний модлог мөчир, чацаргана, интор, тошлой, нохойн хошуу, тэхийн шээгний ногоон мөчрийг тарихын өмнө гуматын 0.01 – 0.05 % - ын уусмалаар идэвхжүүлэхэд ОХУ – ын корневин, гибберрелины хүчил зэрэг идэвхжүүлэгчээс дутуугүй үр дүн өгсөн.      

ОХУ – ын ШУА – ийн Сибирийн салбар, Монголын ШУА – ийн хамтын ажиллагааны хүрээнд  ОХУ –ын Хатуу Биеийн Хими, Механохимийн хүрээлэнгийн профессор О. И. Ломовскийн ажлын баг бидний гарган авсан гумины бордооны элсэнд шингэх идэвх 55-60%, исэлдэн ангижрах процессыг  идэвхжүүлдэг, хүчиллэг орчинд антиоксидант үйлчлэлтэйг илрүүлсэн бол ШУА – ийн Геоэкологийн хүрээлэнгийн “Цөлжилтийн туршилт, судалгааны төв”-д хийсэн ажлын [доктор Ж.Цогтбаатар,  А.Хауленбек, Д.Цэндсүрэн болон бусад]   дүнгүүд:

Гумины бордоогоор бордсон талбайнуудын хөрсний ялзмаг талхлагдсан бэлчээрийн хөрсний 30-40 см гүнд, атаршсан талбайн хөрсний 20-30 см  гүнд тус тус нэмэгддэгийг;

Модлог ургамлын өндөр бордооны орцын дунд (10 г/м2 ) хувилбарт 1.53±0.16 м, хяналтын хэсэгт 1.23±0.17м, ялгаа 30 см.    Моддын үндэсний хүзүүний бүдүүн туршилтын хэсэгт 2.60±0.27 см, хяналтынхад 1.95±0.36 см, ялгаа нь 0.6 см хүрдэгийг  тус тус тогтоосон.

 

Тарьсан модны өндөр 1 жилийн вегетацын хугацаанд 30 см – ээр, үндэсний бүдүүн 0.6 – ээр  нэмэгдэнэ гэдэг том үр дүн.   

Түүнчлэн доктор С.И.Жеребцов, Ж.Дугаржав нарын судлаачдын ажлын дүнгүүд

“Гумины бэлдмэлийн (бордоо) биологийн идэвх    найрлага-бүтцийнх нь far/al   ба  f h/h  үзүүлэлт, ароматикийн (fa) зэргээс шууд хамаардаг”   зүй тогтолтойг  нотолсон билээ.   

 

 Газар зүй, Гео-Экологийн Хүрээлэнгийн Бүрэн толгойн туршилт судалгааны станцад (Г.Баасандорж, Д.Мөнхбат, Ө.Билгүүн, Э.Үүрийнцолмон )      хийсэн туршилтын дүнгээс үзвэл:

·Гумины бэлдмэлээр бордсон талбайн, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 2 оос  4 өөр нэмэгдсэн, тухайлбал,  голын хөндий дэх талхлагдсан билчээрийн бордоогүй хэсэгт дөнгөж 3 зүйлийн ургамал бүртгэгдсэн бол бордсон талбайд 7 болж өссөн;

·Бордсон талбайн ургамлын бүрхэц бордоогүйнхээс 10 – 20% илүү;

·Хөрсний чанарын үзүүлэлтүүд, туршилтын бүхий л хувилбаруудад дээрдсэн, тухайлбал, хөрсний РН үндсэндээ саармаг, чингэхдээ бордсон талбайд ямагт их, ялзмаг  бордсон хөрсөнд бордоогүйнхээс 0.5% илүү байна.

 

“ЭНОТА” газар тариалангийн сургалтын төвийн багш нар 2015 оны 5-р сард Дорнод аймгийн Баяндун сумын ойжуулагч ЭНОТЭ – ийн 2014 оны төгсөгч Т.Цагаанхүүтэй хамтран  Өлийн давааны ойролцоо Согоотод 2 га мод үржүүлгийн газарт мөчрөөр үржүүлсэн бургас, чацарганы 30.0 мян. тарьцыг гуматын уусмалаар үндэсний замаар бордоход ургамлын өсөлт хөгжилт сайжирч маш сайхан ургасан тухай бидэнд мэдэгдсэн.

 

Ойн үр хөрсний лабораторид Ц. Бүжинлхам нарын судлаачид сибирийн болон даурын шинэс, нарс, хонхот харгана, шар хуайс, гацуурын үрийг гуматаар бордож  туршихад, хяналтын талбайд анхны цухуйц 8 хоноод гарч 14 – 17 хоногт жигдэрч байсан бол туршилтын  талбайд 5 хоногийн дараа гарч 8 – 10 хоногт жигдэрч байжээ. 2 настай тарьцаас шилэлт хийхэд үржүүлгэд тэнцэх ургамлын тоо бордсон хэсэгт хяналтынхаас   20 – 30%  олон  байсан.

 Мод бутны 1 настай тарьцыг хучиж өвөлжүүлэхэд захын эгнээний тарьц хүйтэнд нэрвэгдэж өсөлт хөгжилт нь бусад эгнээнийхээс дордсон байдаг бол гуматаар бордож ургуулсан тарьц ингэж муудаагүй буюу хүйтэнд тэсвэртэй болдог  нь батлагджээ.        

   Нарс, гацуур модны үрийг гумины 0.1% - ын уусмалаар идэвхжүүлэхэд соёололт нь 5–6 %-оор нэмэгддэг, шинээр мод тарих нүхэнд, том багаас нь  хамаарч гуматын 0.1% - ийн  100 – 1000 мл уусмал тархаан хийж шингээгээд  тарихад мод орчиндоо сайтар дасан зохицож сайхан ургадаг.

Гумины бордоо зөвхөн тухай жилд тарьсан ургамлын өсөлтийг идэвхжүүлж амьдрах, дасан зохицох чанарыг дээшлүүлдэг,  ургацыг нэмэгдүүлдэг төдийгүй  хөрсний физик, механик ба биологи чанарыг үлэмжхэн сайжруулдаг, элэгдэж муудсан хийгээд цөлжсөн хөрсийг сэргээн засах хүчирхэг хэрэгсэл болох нь сүүлийн үеийн судалгаануудын дүнгээр нотлогдож байна. 


Хөрсний физик чанарт нөлөөлөх нь: Хөрсний хэв шинжээс хамаарч гуматын үзүүлэх нөлөө өөр, өөрөөр илэрдэг. ОХУ – ын Эко Органика – ын судалгааны дүнгээс үзвэл, хүнд шаварлаг хөрсний бол илүүдэл давсуудыг зайлуулж мөхлөгүүдийн харилцан түлхэлцэх хүчийг өсгөж орон зайн нягт бүтцийг нь эвддэг; үүний дүнд хөрс сийрхэг болж илүүдэл чийг нь ууршиж агаар нэвтрэх нь хялбар болж ургамлын үндэсний амьсгал ба хөгжил сайжирдаг.

 Харин хөнгөн, үнсэрхэг саарал хөрсийг гуматаар бордоход түүн дэх эрдсүүдийг хооронд нь наалдуулж бүхэллэг - ширхэглэг – мөхлөгөрхөг   ( комковато-зернистый) хэв шинжтэй болгож  ус шингээх, тогтоон барих, агаар нэвтрүүлэх чанарыг нь сайжруулдаг. Энэ нь гумины хүчлийн гель үүсгэх чанартай нь холбоотой. Полифункциональ чанартай, гадаргуу ихтэй бодисын хувьд гумины хүчлүүд хөрсөн дэх макро–,микро элементүүдийг шингээн барьж хөрсний гүн рүү алдахгүй, усанд уусгаж урсгахгүй хэмнэлттэй ашиглах нөхцлийг бүрдүүлдэг.

 

Хөрсний биологи чанарт нөлөөлөх нь:

 

Гумины хүчлүүд нь бичил биетний /микрорганизмын/ нүүрстөрөгчийн эх сурвалж болж ашиглагддаг. Молекулууд нь хөрсөн дотор агрегат бүтцүүд үүсэхэд дөхөм үзүүлэх ба түүн дээр нь бичил биетний колонууд бий болж тоо нь 30-70% олширч үйл ажиллагаа нь идэвхжин хөрсөнд ялзмаг үүсэх, аммонжих ба нитрожих процесс эрчимждэг.    

 

Хэрэглэх аргын зөвлөмж

Гумины бордоог ХХТХ, Хийрэв ХХК хуурай ба шингэн “Гумат 100” хоёр хэлбэрээр  үйлдвэрлэж нийлүүлдэг.

·20 л усанд 100г/л концентрацтай  200 мл шингэн  гумат  уусгаж бэлтгэсэн (0.1%уусмалд модлог бутлаг ургамлын тарьц, суулгацыг үндэсний нь талаар уртынх нь 1/3-ээр дүрж 1-3 хонуулаад тарихад орчиндоо дасан зохицож амьдрах чадвар нь эрс дээшлэнэ.

· Модны үрийг тарьж ургуулахдаа дээр заасантай ижил концентрацтай гуматын уусмалаар бордоно.    

·Тарьсны дараа тарьц, суулгацыг  100 л усанд   1.0 л гумат уусгаж, бордоно.

·Хуурай гумат (уусдаг идэвхтэй өодисын  агуулга 60-80%) бордоо  хэрэглэх бол  100 л усанд 150 - 200 г – г уусгана.   

·Нэг модонд ноогдох уусмалын хэмжээ модны том багаас хамаарч 20 – 70 л. 

·100 л усанд  50 г хуурай гумат уусгаж  бордоход зүлэг, ногоог сайхан ногоорч ургадаг. Үндэсний нь систем хүчтэй хөгжиж бэхжих тул хүн, малын хөл ба салхинд зулгарч хийсэх нь багасна. Иймд гуматаар цэнгэлдэх хүрээлэн, гольфийн ногоон талбайг борддог.        

·Уулнаас авчирсан мод, бут, ногоон мөчир, тарьц суулгацыг тарих, шилжүүлэн суулгахдаа гуматаар бордоход орчиндоо дасан зохицох чадавхи нь эрс дээшлэнэ.

·Модны үр, мөчир суулгацыг тарихад ашигладаг бортого, модны үрийн тэжээллэг бүрхүүлийн найрлагад гумат оруулж тэдгээрийн  тэжээх идэвхжүүлэх нөөц хүчийг нь нэмэгдүүлнэ. Зөв найрлагатай бортого бүрхүүлтэй таригдсан ургамал   эхийн сүүгээр тэжээгдсэн үр мэт өсч хөгжих болно. 

 ХИМИ, ХИМИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН (ХХТХ), ГАРААНЫ УУЖИМ БУЛГАН ХХК,

 ХИЙРЭВ ХХК, МАЙН АГРО ЛАБ ХХК 

Утас: 88004307, 352112  

 


Бусад мэдээлэл