Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Р.Бүүвэйбаатар, Р.Мижиддорж нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олголоо. Эдгээр эрдэмтдэд өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө.
Р.Бүүвэйбаатар нь “Үр тарианы үрийн чанар, ургацыг нэмэгдүүлэх цахилгаан ионы технологийн шинжлэх ухааны үндэслэл, хэрэгжүүлэх техник төхөөрөмж боловсруулах нь” сэдвээр Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
Тэрээр 1979 онд МУИС-ийн Эрчим хүчний факультетыг цахилгаан инженер мэргэжлээр төгсөж, 1991 онд ПТДС-ийн дэргэдэх техникийн ухаанаар эрдмийн зэрэг олгох анхны зөвлөлд “Улаанбуудайн үрийн чанар, ургац өгөх чадварыг дээшлүүлэхэд титэмт цахилалтын цахилгаан оронг хэрэглэх нь” сэдвээр дэд эрдмийн зэрэг хамгаалжээ.
Профессор Р.Бүүвэйбаатар нь ХААИС-д багш, тэнхимийн эрхлэгч, коллежийн захирал, цахилгаан техникийн профессорын багийн ахлагч, УҮГ-ын захирал зэрэг албыг хашиж, дээд боловсролын системд 47 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна.
Профессорын багийн ахлагчийн ажлын багийн хүрээнд тэрээр 5 доктор /Ph.D/ төрүүлж, 2 докторын ажил хамтран удирдаж, 20 гаруй магистрийн ажил удирдан хамгаалуулжээ.
Мөн ажиллах хугацаандаа сурах бичиг, гарын авлага 30 гаруй, редакторласан болон хамтран зохиосон, оролцсон ном ба нийтлэл 20 гаруй, сэтгүүл, сонинд бичсэн өгүүлэл нийтлэл 30 орчим, импакт фактортай сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэл 2, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн патент, ашигтай загвар, зохиогчийн эрх ба инноваци 30 гаруй, удирдсан бакалаврын төсөл, төгсөлтийн ажил 300 орчим,шинээр болон шинэчлэн байгуулсан сургалт эрдэм шинжилгээний лаборатори, кабинетыг дангаараа болон хамтран байгуулж, сургалт эрдэм шинжилгээний материаллаг баазыг бэхжүүлсэн тэргүүлэн профессор юм.
Р.Мижиддорж нь “Сплайн, түүний хэрэглээ” сэдвээр Физик, математикийн шинжлэх ухааны доктор(Sc.D)-ын зэрэг хамгааллаа.
Сплайн функцийн онол 1950-аад оноос хөгжиж эхэлсэн, математик аппаратын хувьд дөхөлтийн онол, олон хэмжээст гадаргууг аппроксимацлах, дүрс, дохионы боловсруулалт хийхэд тохиромжтойгоос гадна дифференциал тэгшитгэл, тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийг ойролцоо бодох, шинжлэх ухаан, техник, инженерчлэлийн салбарт тавигдсан асуудлыг шийдэхэд өргөн ашиглагдсаар ирсэн байна. Сүүлийн жилүүдэд интегро-сплайн байгуулах чиглэлд Америк, Франц, Хятад, Иран зэрэг олон орны эрдэмтдийн сонирхол өсөж, энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Энэ сплайн нь интерполяцын сплайнаас өргөн утгатай, өгөгдлүүдийг боловсруулах цаг агаар-дэлхий судлал, эдийн засгийн загварчлал хийх, техник-технологийн шийдэл зэрэгт өргөн ашиглагдаж байна. Яг интегро-сплайн гэдэг нэрээр 2003-2006 оноос эхний ажлууд гарч эхэлсэн түүхтэй юм.