Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаа дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна
 Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаа дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна

 “Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурал “чулуун зэвсгийн судалгаа”-ны сэдвээр манай улсад зохион байгуулагдаж буй анхны Олон улсын хурал бөгөөд  Монгол нутагт чулуун зэвсгийн судалгаа, шинжилгээний ажил анх хийгдсэний 100 жилийн ойтой давхцаж буйгаар онцлог юм.
Тус хурал “Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” сэдвийн хүрээнд зохиогдож байгаа хэдий ч Монгол орны чулуун зэвсгийн судалгаагаар хязгаарлагдахгүй Төв, Зүүн болон Зүүн Хойд Азийн чулуун зэвсгийн дурсгалууд, тэдгээрийн судалгааны үр дүнгийн талаар өргөн хүрээг хамарч байгаа юм. Эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ, Канад, Франц, Англи, Польш  зэрэг 10 орны 33 байгууллагын 84 эрдэмтэн судлаачдын оролцсон 31 илтгэл хэлэлцүүлэгдэх юм. 
Тодруулбал, АНУ-ын Аризоны их сургуулийн профессор Жон Олсен, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор И Сонбук, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор (Dr. Hab.) Евгений Рыбин, БНПольш Улсын Вроцлавын их сургуулийн профессор Мирослав Масойч, Канадын Торонтогийн их сургуулийн профессор Лиза Женс тэргүүтэй АНУ, БНСУ, Япон, Канад, Польш , Англи, Франц , ХБНГУ-ын шилдэг эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, илтгэл хэлэлцүүлж  байгаа нь Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаа хэрхэн үнэлэгдэж буйг тодорхойлон харуулж байна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
  Мөн энэ үеэр   “Монгол орноос олдсон 34,000 жилийн өмнөх Салхитын бодгалийн генийн шинжилгээ”, “Неандартальчууд Алтайд нэвтрэн орсон нь”, “Говь-Алтайн нурууны Цагаан агуйн малтлага судалгааны шинэ үр дүн”, “Монголын палеолитын дурсгалууд дахь Төв Азийн амьтны аймгийн бүрдэл, төрөл зүйлийн төлөөлөл”, “Анчин түүвэрлэгчид мал мал ахуй эрхлэгчид болсон нь: Зүүн Монгол дахь хүн болон мал амьтны харилцаа, хамаарал” зэрэг олон сонирхолтой асуудлуудыг хөндсөн илтгэл танилцуулагдаж байна.  
Олон улсын хурлыг нээлтэд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд түүний мэндчилгээнд "Төв Ази, Монголын өндөрлөг, түүний дотор Монгол орны нутаг дэвсгэр чулуун зэвсгийн үеийн дурсгалаар нэн баялаг болохоор энэ бүсэд  амьдарч байсан нэн эртний хүний түүхийг биет олдвороор улируулан судлагч дотоод, гадаадын эрдэмтэн Та бүхэн азтай, хувьтай төрсөн хүмүүс юм.  Манай орны нутаг дэвсгэр дээрх чулуун зэвсгийн дурсгалыг судлах ажил харьцангуй хожуу, XIX зууны сүүлээс эхэлсэн хэдий ч, чулуун зэвсгийн үеийн бууц, суурин, дархны газрууд цөөнгүй шинээр илэрч,  хүн төрөлхтний эртний түүхийг баяжуулах, эртний хүний шилжилт хөдөлгөөнийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэж байдагт миний бие Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд, бас судлаач хүнийхээ хувьд туйлын баяртай байдаг бөгөөд энэ завшааныг ашиглан та бүхний ажил хэргийг бодлого, удирдлага, зохион байгуулалт талаас нь дэмжин туслахыг эрмэлзэж явдгаа илэрхийлэхэд таатай байна.

Манай орны чулуун зэвсгийн дурсгалыг хайж илрүүлэх, судлан таних, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах ажил Монгол Улсад Шинжлэх Ухааны Академи байгуулагдсанаас хойш илүү зохион байгуулалттай болж, жилээс жилд эрчимжиж байгааг та бүхэн хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна. Үүний хамт манай нутагт байгаа чулуун зэвсгийн үеийн дурсгалыг судлах амаргүй бөгөөд хариуцлагатай үүргийг манай үндэсний археологичид мэргэжил нэгт гадаадын судлаачидтай хамтран нэр төртэй гүйцэтгэж, нөр их мэдлэг, туршлага хуримтлуулсан нь манай улс дахь археологийн шинжлэх ухааныг  амжилттай хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх чухал суурь, хүчтэй хөшүүрэг болсоор байгааг энэ хурлын индэр дээрээс цохон дурдахад таатай байна.

Өнөөдрийн энэ хуралд л гэхэд Аризоны их сургуулийн профессор Жон Олсен, Сөүлийн их сургуулийн профессор И Сонбук, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Евгений Рыбин, Вроцлавын их сургуулийн профессор Мирослав Масойч зэрэг АНУ, БНСУ, Япон, Канад, Польш, Англи, Франц, ХБНГУ-ын шилдэг эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, илтгэл хэлэлцүүлэх гэж байгаа нь Монголын чулуун зэвсгийн үеийн судалгаа дэлхий нийтийн анхаарлыг татсаар байгааг харуулж байгаа юм.

 Өнөөдөр хүн төрөлхтний түүхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн үеийг манай улсад зөвхөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгааны салбарынхан АНУ, ОХУ, Канад, БН Польш Улс, Япон, БНСУ, ХБНГУ-ын судалгааны хүрээлэн, төв, их сургуулиудын судлаачидтай хамтран амжилттай судалж байна. Тэдгээрийн үр дүнд Монгол нутагт эртний хүн нутаглан амьдарч ирсэн цаг хугацаа, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга барил, хөгжил, эртний хүмүүсийн нүүдэл, тархалтын асуудлууд улам тодорхой болсоор байна. Мөн түүнчлэн эртний хүмүүсийн хүрээлэн байгаа орчны судалгаа давхар хийгдэж байгаа нь плейстоцен, голоцены үеийн байгаль орчныг сэргээн судлахад үнэлж баршгүй хувь нэмэр болох нь дамжиггүй юм.

Харамсалтай нь, археологийн асар баялаг дурсгалтай манай улсад археологичид, түүний дотор жилдээ 6 сараас багагүй хугацаанд хээрийн судалгаанд гарч ажиллах боломжтой мэргэжлийн археологичид дэндүү цөөн байгаа юм. Археологичдын ажил нь зөвхөн талбайн малтлага, олдворын судалгаа боловсруулалтаар хязгаарлагдахгүй бас археологийн аливаа дурсгалт газар тэр дундаа чулуун зэвсгийн дурсгалт газруудыг хадгалж, хамгаалах нь нэн тулгамдсан асуудал байсаар байгаа бөгөөд эрдэм шинжилгээний хуралд оролцогч эрхэм эрдэмтэн мэргэд та бүхэн археологичдын орон тооны талаар болон бусад олон асуудлыг шүүн, тунгаан ярилцаж, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна." гэжээ.   

Дашрамд дурдахад, өнөөгийн Монгол улсын нутгаас хуучин чулуун зэвсгийн дурсгал илрэн анхлан олдсоноос хойш нэгэнт 100 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол орны нутаг дэвсгэрээс чулуун зэвсгийн бүхий л үед холбогдох 2000 гаруй бууц, суурин илрүүлэн олсноос гадна дээд палеолит, неолитын үеийн хадны сийлмэл болон зосон зургийн дурсгал ч цөөнгүй олдсон байна. Энэ хугацаанд чулуун зэвсгийн чиглэлээр 10 орчим орны их дээд сургууль, хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд хайгуул, малтлага судалгаа хийж, үр дүнг олон арван ном, өгүүлэл, илтгэл хэлбэрээр хэвлэн нийтлүүлсэн нь дэлхий нийтэд тодорхой хэмжээнд танигдаж, Зүүн болон Зүүн Хойд Азийн чулуун зэвсгийн судалгаанд зохих хувь нэмэр оруулжээ.  
Хоёр өдөр үргэлжлэх тус хурлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн санаачилж, Монгол Улсын Соёлын яам, ШУА-ийн Геологийн хүрээлэн, Чингис хаан үндэсний музейтэй хамтран зохион байгуулж байна.


Бусад мэдээлэл