Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ч.ДУГАРЖАВ: ХҮЛЭРТ НАМГИЙН БАЙНГЫН СУДАЛГАА, АЖИГЛАЛТЫН ТАЛБАЙТАЙ БОЛЖ БАЙГАА НЬ ТӨСЛИЙН ҮР ДҮН
Ч.ДУГАРЖАВ: ХҮЛЭРТ НАМГИЙН БАЙНГЫН СУДАЛГАА, АЖИГЛАЛТЫН ТАЛБАЙТАЙ БОЛЖ БАЙГАА НЬ ТӨСЛИЙН ҮР ДҮН

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Биологийн сорилын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, академич доктор (Ph.D), хүлэрт намгийн судалгааны төслийн удирдагч Ч.ДУГАРЖАВТАЙ ярилцлаа. 

-Таны удирдсан төслийн багийн ажил амжилттай үргэлжилж, 100 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон юм байна. Та шинжлэх ухааны салбартай яагаад холбогдох болов. Энэ тухай товчхон түүх өгүүлнэ үү?

-Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн сургуулийг 1964 онд төгсөөд ШУА-ийн нэр дээр ЗХУ (хуучин нэрээр)- ын Санкт-Петербургийн улсын их сургуульд ургамал судлаач мэргэжлээр сурахаар явж байлаа. Онцсайн сурсан хүүхдүүд тэргүүн эгнээнд хуваариа сонгож, давуу эрх эдэлдэг байв шүү дээ. Тэгэхэд манай сургуульд гадаадын дөрвөн хуваарь ирсний нэг нь энэ юм. Тухайн онд 40 хүүхэд төгссөн шиг санагдаж байна. Манай ангийн багш Бадамдовжид гэдэг хүн өөрөө амьтан, ургамал судлалын багш байсан болохоор надад илүү нөлөөлж чиглүүлсэн гэж боддог. Гэгээрлийн яамнаас надад томилолт олгохдоо “ШУА-ийн нэр дээр суралцуулахаар...” гэж цохолт хийсэн нь одоогийнхоор албан даалгавар шиг л юм байлаа шүү дээ. Дээр нь ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай өөрийн байгууллагын нэр дээр суралцах 10 гаруй залууд захиа даалгавар өгөөд үдэж мордуулж байлаа.

-Бүр хожим 2000-аад оны үед ч Орост суралцагсад нэг жилийн хэлний бэлтгэл хийдэг байж билээ. Та тийм сургалтад хамрагдсан уу?

-Санкт-Петербургт очоод шууд нэгдүгээр дамжаанд суралцаж эхэлсэн. Биднийг орон нутгаас Улаанбаатарт ирсний дараа орос багш нар шалгалт авч, намайг хэлний бэлтгэлгүйгээр суралцах боломжтой гэж тодорхойлсон нь ерөнхий боловсролын сургуулийн маань гадаад хэлний багш нарын ач тус гэж боддог юм. Манай орос хэлний багш нь үргэлжилсэн үгийн зохиолч Д.Маам байлаа. “Гишгэх газаргүй хөл”, “Газар шороо” гэхчлэн томоохон роман, тууж бичсэнийг мэдэх байх. Бас манай ангийн багшаар З.Дашжигд гэж тухайн үедээ сургууль төгсч ирсэн, шинэ тутам боловсон хүчин бидэнд хичээл зааж байсан нь сайнаар нөлөөлсөн гэж баярладаг.

-Орост сургууль төгссөн хүнийг шууд л хүлээж авна биз дээ?

-Тэгэлгүй яахав. ШУА-ийн нэр дээр суралцсан болохоор Биологи, ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар авч 50 жил шахуу тасралтгүй ажиллаж байна. Одоогоос жил гаруйн өмнө Туул голын ай савын хүлэрт намгийг судлах талаар төсөл бичсэн маань ШУА-ийн дэмжлэгийг авч, Москва хотноо байрладаг Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжилт хийхээр болж, энэ сэдвээр илтгэл тавих урилга ирүүлсэн. Ингээд ШУА-ийн ерөнхийлөгчийн хамт очиж, нэлээд хэдэн ажил амжуулж, Оросын ШУА-ийн ерөнхийлөгч Н.Косовтой биечлэн уулзсан. Мөн тус академийн удирдлагуудад танилцуулга хийж, илтгэл тавьсны дараа гарааны төсөлд хөрөнгө оруулалт олгохоор болсныг дуулгасан. Энэ төслийн зорилго нь нийслэлийн усан хангамжийг сайжруулах, экологийн орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

-Туул гол орчмын ойн сав газар, түүний орчин дахь хүлэрт намаг нь хэдий хэр талбайг хамардаг юм бэ?

-Хүлэрт намаг гэдэг нь манай улсын 27 мянган ам метр талбай буюу нийт нутгийн хоёр орчим хувийг эзэлдэг байгалийн тогтоц юм. Туул голын ай сав 49.6 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг хамарч байдгийн 15 хувийг усархаг намаг, гол горхи эзэлдэг. Үүнийг хүлэрт намгийн талбай гэж ойлгож болно. Энэ нь цэвэр усыг өөрөөсөө “үйлдвэрлэн” гаргаж байдаг, гол горхины урсацыг тэтгэж байгаа эко систем юм. Түүний дор хайлж урсаад алга болчихоос хамгаалж байх мөнх цэвдэг байрлаж, өөрийгөө болон ус голыг тэтгэж байдаг. Мөн хүлэмжийн буюу нүүрсхүчлийн хийг өөртөө маш ихээр татан хамгаалж, органик хийг гадаад орчинд тархааж байдаг олон талын ач холбогдолтой. Сүүлийн үед Туул гол орчмын эко систем олон зүйлийн хүчин зүйлээс хамааран бохирдож, гадаргуугийн ус багасч, зарим газраа гүний ус 2-3 метрээр доошилж, 2030 он гэхэд нийслэлийн усны хангамж дутагдалд орно гэж таамаглаад байна. Үүнээс сэргийлэх нэг арга нь хүлэрт намгийг хамгаалж, хатсан хэсгийг сэргээх шаардлага болчихлоо. Энэ ажлыг л бид хийх гэж хичээж байгаа юм.

-Хүлэрт намаг гэж чухам юуг хэлээд байна вэ. Энэ талаар та тодорхой тайлбар хийж өгөөч?

-Газрын хөрснөөс эхлэн түүнээс доош ургамлын ялзмагтай хамт хуримтлагдсан органик давхарга бий болсон байдаг. Энгийнээр хэлэхэд, бие угаагч парлон харахад сэвсгэр юм шиг мөртлөө базахаар түүнд хуримтлагдсан ус нь гоожоод агшдагтай л адил юм. Туул голын хамгийн чухал, хамаарал бүхий Гацуурт, Тэрэлжийн гол зэрэг салаанд төслийн ажлаа эхлүүлэх бэлтгэл ажлыг хангасан. Тэнд сонголт хийсэн 4-5 газрыг хашиж, хэмжилт судалгаа явуулж, хүлрийн усны хэм, урсацыг тодорхойлохоос гадна орж байгаа хур тунадасны хэмжээг нарийвчлан ажиглаж, жилийн дөрвөн улирлын турш хүлрийн хөдөлгөөн байрлал зүйг хянах юм. Үүний тулд чийгний хэмжээ, температурыг хэмждэг нарийн багажийг байрлуулж, тэдгээр нь жилийн турш хэмжилт хийж байхаар тооцоолсон. Мөн мал, амьтан тухайн бүсэд орохоос сэргийлж хашна гэж яриад байгаа юм. Энэ нь ямар ч хашаа, хаалтгүй газрынхаа хүлэрт намгийг харьцуулж судлах арга хэлбэр болно. Нөгөө талаар нэгэнт доройтсон хүлрийг сэргээж сайжруулах туршилт явуулна. Үүний тулд сонгосон хэдэн газрынхаа усны урсац дээр тодорхой тооны хөндлөвч хийж өгөх юм. Энэ нь голын урсацыг хадгалж хамгаалах байгалийн гаралтай мод, чулуугаар хийж байгуулах далан маягийн юм даа. Туул голын ай савд багтдаг жижиг голууд хаврын уруй урсах үед хамаг усаа урсгаад алга болчихдог гэмтэй. Түүнийг нь байгалийн жамаараа өөрийн түвшингээр урсах нөхцөлийг бүрдүүлэх гэсэн санаа л даа. Үүнээс гадна тухайн голнхоо ай савд эрэг дагууд нь улиас, бургас, хар мод олноор тарих юм. Тэдгээр нь усыг өөртөө татаж, нөөцөлдгөөс гадна хүлрийг үүсгэдэг ач холбогдолтой. Үндсэндээ эдгээр модноос унасан навч, иш зэрэг нь хуримтлагдаж хүлрийн давхаргыг буй болгож байгаа юм.

-Та бүхний зорьж байгаа ажил, хэрэгжүүлэх төсөл хэдий хугацаанд үргэлжлэх юм бэ?

-Төслийн хугацаа хэдийгээр богино, хоёр жил боловч энэ хооронд урьдчилсан байдлаар үр дүн нь харагдана. Гэхдээ бодит амьдрал дээр 10 жилийн хугацаанд хүлрийн давхарга хоёр см-ээр нэмэгдэнэ, усны түвшин ч тодорхой хэмжээгээр дээшилж, урсац нь илүү болно гэж тооцоолж байна. Үүнийг хэмжилт, хяналт ажиглалтаар баталгаажуулж болох байх. Хамгийн гол нь байгалийн усны урсац бага боловч нэмэгдэж, хүлэрт намгийн хэмжээ өргөн дэлгэр талбайг хамрах тусмаа хүлэмжийн хий (СО2 ), агаарын бохирдол, машин тэрэгнээс ялгарч буй утааг өөртөө шингээж авдаг. Энэ бүхнийг бид тодорхойлохын хамт хүлэрт намгийн мониторинг судалгааны байнгын хяналтын талбайтай болж буй нь чухал ололт гэж харж байна.  


Бусад мэдээлэл