Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ, ХЯТАДЫН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЭРИН: БОЛОМЖ, СОРИЛТ"
“МОНГОЛ, ХЯТАДЫН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЭРИН:  БОЛОМЖ, СОРИЛТ"

 

 “МОНГОЛ, ХЯТАДЫН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЭРИН: БОЛОМЖ, СОРИЛТ" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар хотноо  болж байна.  

Монгол Улсын Гадаад харилцааны яам, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс хамтран зохохин байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр хоёр орны эрдэмтэд хуран цуглаж, Монгол-Хятадын орчин үеийн харилцааны хөгжлийн боломжийг нэмэгдүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, цаашдын харилцааны чиг хандлагаа зөвөөр тодорхойлох, тулгарч буй сорилтоо хамтдаа даван туулж, хамтдаа хөгжих шинжлэх ухаанч гаргалгааг ажил хэрэгчээр эрэлхийлэхэд чиглэгджээ.

Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын талаас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн, МУИС, ШУТИС, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг шинжлэх ухаан, их сургууль, биенесийн байгуулагын төлөөлөл болсон эрдэмтэд, шинжээчид оролцсон бол БНХАУ-ын талаас БНХАУ-ын Нийгмийн ШУА-ийн Ази, Номхон далайн судлалын хүрээлэн, БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэн, Зүүн хойд Ази судлалын хүрээлэн, ӨМӨЗО-ны Нийгмийн ШУА-ийн Орос ба Монгол судлалын хүрээлэн, Бээжингийн их сургууль, Өвөр Монголын их сургуулийн эрдэмтэн, багш, судлаачид хүрэлцэн ирж, илтгэлээ хэлэлцүүлж байгаа юм.

Хоёр улсын эрдэмтэд энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улс, БНХАУ-ын харилцаан 70 жилийн түүхэн хөгжил, туулсан замналыг эргэн харж, цаашдын хамтын ажиллагааны ирээдүйн боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийн үйл явцын талаар ч хөндөн авч үзжээ.

Ялангуяа Монгол Улсаас БНХАУ руу гарч буй манай нийт экспортын бараг 90 хувийг дангаар эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын цогц асуудлууд болон уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт ялангуяа манай нэг чухал нөөц баялаг болох хөдөө аж ахуйн гаралтай барааг нэмүү өртөг шингээн экспортлох, гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан ашигтайгаар хөгжүүлэх боломжийг судалсан өргөн хүрээтэй илтгэлүүд хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны 4 дүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэр онцгойлон хөндөж ярилцсан "Нэг бүс, Нэг зам", "Хөгжлийн зам" төслүүдийг хооронд нь уялдуулах, “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” байгуулах өргөн далайцтай хамтын ажиллагааны эхлэлийг тавих талаар хөндөн ярилцаж буй энэ цаг үед тус хурал зохион байгуулагдсан нь эрдэм шинжилгээний талаар ихээхэн ач холбогдолтой, үр дүнтэй гэж зохион байгуулагчид онцолж байлаа.

 

 

 


Бусад мэдээлэл