Германы эрдэмтэн лекц уншиж, эрдэмтэн судлаачдын хүртээл болголоо
Германы Мюнхений Техникийн их сургуулийн Амьтны физиологи болон иммунологийн тэнхимийн эрхлэгч, профессор Майкл В.Пфаффл (Michael W. Pfaffl)-ын “MiРНХ-ийн биологи, эсийн үүрэг ба баталгаат тоон тодорхойлолт” (MiRNA - biology, cellular function and valid quantification) сэдэвт лекц 10 дугаар сарын 3-ны өдөр ШУА-ийн их чуулганы танхимд зохион байгуулав. Гадаад эрдэмтний лекцэд УИХ-ын гишүүн, анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн төрөлжсөн академи Монголын Анагаах ухааны Академийн Биоанагаахын салбарын дарга, профессор Оюунбилэг, "Итгэл Эрүүл мэнд ХХК"-ийн захирал, анагаах ухааны доктор Д.Гантулга түүнчлэн ШУА-ийн харьяа болон салбарын хүрээлэн, төв, эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудын төлөөлөл нийт 100 гаруй оролцогчид оролцож, асуулт асууж, үр дүнтэй мэдлэгээ солилцов.
Лекцийн агуулга нь орчин үеийн биоанагаах, биотехнологийн хөгжил дэвшил, түүний дотор микро РНХ-ийн талаарх ерөнхий ойлголт, микро РНХ-г эмнэлзүйн судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн болгон ашиглах, сүүлийн үед хийгдсэн нээлт, ололт амжилтуудын талаар ярьж, түүнд Next Generation Sequencing болон Шингэн биопсын аргын талаар ярив. Микро РНХ-г хэрхэн эмнэлзүйн шинжлэх ухааны практикт нэвтрүүлж болох онолын мэдээллийг хуваалцаж, дэлхий дахинаа тэр тусмаа манай Монгол улсад тулгамдаж буй хорт хавдрын өвчлөлийг эрт үед нь илрүүлэх мэдрэг болоод өвөрмөц чанар өндөртэй шинэ оношилгооны биомаркеруудыг Next Generation Sequencing технологи ашиглан судлан шинжилж, эмнэлзүйн практикт нэвтрүүлэх бүрэн боломжтойг онцлон ярилаа.
Профессор Майкл В.Пфаффл нь амьтан ба хүний молекулын
физиологийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд судалгаа нь ихэнхдээ хүн амын
эрүүл мэнд, амьтны эрүүл мэнд, сайн сайхны төлөө чиглэгдсэн байна. Тэрээр
сүүлийн үед эсийн уламжлалт дохио дамжуулах үйл ажиллагааг судлахаас гадна
эсийн гаднах дохио дамжуулалтын үйл ажиллагааг судалж, ингэхдээ нуклейн хүчилд
суурилсан биомаркеруудад гол анхаарлаа хандуулж судалгаа
гүйцэтгэжээ. Одоогоор 130 гаруй судалгааны өгүүлэл, 40 гаруй ном хэвлэн
нийтлүүлж,190 гаруй олон улсын хурал, сургалт, семинарт илтгэл хэлэлцүүлжээ.
Түүний 2001 онд хэвлүүлсэн
Нуклейн хүчлийн RT-PCR-тай холбоотой судалгааны ажлаар 2012 онд “SciVerse
Scopus Award” шагнал хүртээж, түүний бүтээл нь 2018 оноос хойш 41982 удаа эш
татагджээ.2009, 2013 онд RT-PCR шинжилгээний MIQE болон Digital PCR-ын олон
улсын гарын авлагуудыг гаргахад манлайлан оролцож ажилласан байна.