Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.Рэгдэл: Та бүхний дэвшүүлсэн шинэ санаа, таамаглалууд хөгжлийн түвшинд гаргана гэдэгт итгэж байна
Д.Рэгдэл: Та бүхний дэвшүүлсэн шинэ санаа, таамаглалууд хөгжлийн түвшинд гаргана гэдэгт итгэж байна

Оросын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын Монгол Судалын Холбоо хамтран Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй  “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” 5 дах удаагийн Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 4 сарын 19-21 нд 3 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус хурлыг нээж  Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт хатагтай Попова И.Ф.,

Эрхэм хүндэт элчин сайд Д. Даваа,

Эрхэм эрдэмтэн судлаачид аа,

          “Монголчуудын өв соёл: Гар бичмэл ба  архивын баримтын цуглуулга” сэдэвт 5 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийг тохиолдуулан  Та бүхэнд Монгол Улсын ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

          Энэхүү 5 дахь удаагийн хурал нь Монгол, Орос улсуудын хооронд дипломат харицаа тогтоосны 100, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100, манай ШУА байгуулагдсаны 60 жил зэрэг түүхэн ойнуудын жил болж байгаагаараа онцлог юм.1921 онд тэр үеийн Монголын нийслэл Өргөө хотноо Судар бичгийн хүрээлэнг байгуулсан явдал бол манай оронд орчин үеийн шинжлэх ухааны байгууллага, түүний дотор манай улсын ШУА үүсэн хөгжих их үйл хэргийн эхлэл байсныг Та бид сайн мэднэ. Манай улсад шинжлэх ухааны салбар, эрдэм шинжилгээний байгууллага үүсэн бий болох, өсөн төлжих, өргөжин хөгжих бүхий л хугацаанд ЗХУ, Зөвлөлтийн шинжлэх ухааны нэр хүндтэй зохион байгуулагчид, алдартай монголч эрдэмтэд томоохон үүрэг гүйцэтгэж ирснийг баяртайгаар талархан санаж явдаг билээ.

          Энэхүү эрдэм шинжилгээний цуврал хурлуудын гол зохион байгуулагчид болох Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Олон улсын монголч эрдэмтдийн холбоо нь манай улсуудын эрдмийн хүрээлэнгүүд хоорондын найрсаг хамтын ажиллагааны түүхэн уламжлалыг амжилттай үргэлжлүүлэн, Монгол угсаатнуудын түүх соёл, хэл утга зохиолыг судлах, хамтын ажиллагаагаар бүтээсэн шинэхэн мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр нэн бүтээлч ажиллаж байна гэж би ойлгодог. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор та бүхний зохион байгуулдаг энэ хурал нь олон орны монгол судлаачдын сонирхол, хүчин чармайлтыг нэгтгэдэг эрдэм судлалын томоохон арга хэмжээнүүдийн нэг болж тогтоод байгааг тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.

          Та  бүхний олон жилийн хүчин зүтгэлийн маргахын аргагүй томоохон үр дүн бол олон тооны гар бичмэлүүд, ксилографууд, түүний дотор Оросын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, ОХУ-ын архив, музейнүүдийн онцгой ховор материалуудыг даян дэлхийн шинжлэх ухааны олон нийтийн хүртээл болгож, эрдэм оюуны эргэлтэнд оруулсан явдал билээ.

          Энэ удаагийн хурлын хөтөлбөрөөс хуралдаанд тэргүүлэх эрдэмтэд, залуу эрдэмтэн судлаачид олноор оролцож, өргөн хүрээний асуудлыг хэлэлцүүлэхээр байгаа нь харагдаж байна. Эдгээр илтгэл монгол судлалын салбарт эрдмийн шинэ, сонирхолтой мэдлэг бий болгох нь дамжиггүй биз ээ.

          Энэ удаагийн Монгол угсаатнуудын бичмэл сурвалжуудын асуудлаарх хурлын нэг зорилго бол  Монголчуудын түүх, угсаатан судлал, соёл, хэл, зохиол судлалын өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх явдал агаад та бүхний дэвшүүлэн тавих шинэ санаа, таамаглалууд эдгээр чиглэлийн цаашдын хөгжил, чиг хандлагыг шинэ түвшинд гаргаж, улмаар дэлхийн монгол судлалын салбарт ажилладаг эрдэмтэн мэрэгжилтнүүдийн хамтын ажиллагаа, холбоо хэлхээг өргөжүүлэн бэхжүүлнэ гэдэгт би итгэж байна.

          Мөн түүнчлэн энэхүү 5 дахь удаагийн хуралдаан Монгол угсаатны түүх, этнограф, соёл, хэл шинжлэл, аман зохиолд холбогдох олон шинэ, урд өмнө мэдэгдээгүй байсан эх сурвалжуудыг дэлхийн шинжлэх ухааны олон нийтэд хүргэх үндсэн зорилгодоо хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна.

          Хүн төрөлхтнийг хамарсан цар тахлын хүнд үед бэлтгэлийг сайтар хангаж, уламжлалт арга хэмжээгээ амжилттай зохион байгуулсан бүх хүн, байгууллагад гүн талархал дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе.

Анхаарлаа хандуулж сонссон Та бүхэнд баярлалаа.


Бусад мэдээлэл