Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВ
ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ  НЭГДСЭН ИНСТИТУТИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД  ЗОЧЛОВ



Цөмийн шинжилгээний  нэгдсэн институт (ЦШНИ)-ийн  Гадаад харилцааны газрын дарга Д.В. Каманин,  Нейтроны физикийн Лабораторийн салбарын эрхлэгч А.В. Белушкин, Цөмийн асуудлын Лабораторийн  төслийн удирдагч  Н. А. Русакович  нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ  оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд  Байгалийн ухааны салбарын хүрээлэнгүүдэд зочлов. Төлөөлөгчдийг ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл хүлээн авч хамтын ажиллагааны хэтийн төлөв болон 2018 онд Улаанбаатар хотноо зохиогдох  “Байгалийн ухааны орчин үеийн ололтууд ба шинжлэх ухааны боловсрол дахь дэвшилтэт технологи”   сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын явцын талаар ярилцав. Уулзалтанд Монголын талаас ЦШНИ дэхь Монгол улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч профессор С. Даваа, ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн академич Ц. Баатар, ЦШНИ-ийн Зөвлөлдөх хорооны гишүүн  академич  Д.Сангаа, ШУА-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Р.Бандий нарын төлөөлөл  оролцов.




2018 онд манай улсад зохион байгуулахаар  төлөвлөж буй энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд  шинжлэх ухаан, ялангуяа байгалийн ухааны  орчин үеийн  ололтууд, тэдгээрийг их дээд сургуулийн сургалтын процесстой уялдуулдаг бусад орны туршлага, сургалтын шинэ технологийг   хамарсан  асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.  ЦШНИ бол олон улсын энэ хэмжээг анх санаачлагчдын нэг төдийгүй уг хуралд  ихээхэн ач холбогдол өгч,  захирал академич В.Матвеев, ОХУ-ын Шинжлэх ухаан, боловсролын яамны орлогч сайд бөгөөд ЦШНИ  дэхь Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч академич Г.Трубников зэрэг нэртэй эрдэмтэд оролцоно гэдгийг мэдэгдээд байна.  



ЦШНИ-ийн эрдэм шинжилгээний судалгааны чиглэл ихээхэн өргөн салбарыг хамарсан, эгэл бөөмсийн физикээс эхлэн нанотехнологи хүртэл, кваркийн маш бага хэмжээнээс астрофизикийн төсөөлшгүй их орон зайд  хамааралтай онолын болон туршлагын судалгааны чиглэлийг хамрах боловч ерөнхийд нь эгэл бөөмийн физик, цөмийн физик, хатуу орчны физик гэсэн 3 үндсэн чиглэлд хуваадаг.  ЦШНИ-д ажиллаж байгаа 4500 орчим ажилтны 1200 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд тэдний  260 гаруй нь шинжлэх ухааны доктор (Sc.D), 570 орчим  доктор (Ph.D)  цолтой эрдэмтэд,  судалгааны ажилд хамааралтай  2000  орчим   инженер-техникийн ажилтнууд цар хүрээгээр академийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй эн зэрэгцэхүйц Онолын физикийн лаборатори, Их энергийн физикийн лаборатори,Цөмийн асуудлын лаборатори,Цөмийн урвалын лаборатори,   Нейтроны физикийн лаборатори, Мэдээлэл технологийн лаборатори, Цацрагийн биологийн лаборатори гэсэн   үндсэн  7 лабораторид судалгаа, шинжилгээ явуулж байна.    

1956 онд  Монгол улс    ЦШНИ -ийн анхны гишүүн орон болсон нь  манай улсад физикийн шинжлэх ухаан, ялангуяа атом, цөмийн физикийн судалгааны чиглэл үүсч хөгжихэд нэн таатай нөхцлийг бүрдүүлсэн юм.




Бусад мэдээлэл