Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-иас ЭЗХЯ-нд зөвлөмж хүргүүлнэ
ШУА-иас ЭЗХЯ-нд зөвлөмж хүргүүлнэ

ШУА-ийн тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2022.05.18/ боллоо. Тус хурлаар дараах 3 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт, БШУЯ-ны захиалгаар хэрэгжсэн суурь судалгааны төсөл буюу “Монгол улсын Нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт, шийдлийн судалгааны үр дүн”-гийн тухай илтгэлтэй танилцлаа. Энэхүү суурь судалгааны төслөөрөө ШУА-ийн ГГХ-ийн доктор М.Алтанабагана тэргүүтэй эрдэмтэн, судлаачдын баг  Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлтийн зарим нэг шийдлийн хувилбаруудыг гарган ирж энэхүү  саналаа холбогдох яам, төрийн байгууллагуудад танилцуулахаар ажиллаж байгаа юм.  Дээрх төслийн гол ач холбогдол нь хоттой холбоотой бүхий л асуудал, кадастр, аялал жуулчлалын бүсчлэл, чөлөөт бүс, тээвэр ложистиктой холбоотой монгол улсын хөгжлийн  суурь асуудлыг  барьж ажилласанд оршиж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, тус судалгааны ажлаар дэвшүүлж байгаа шийдлийн хувилбарууд нь арга хэмжээний хөтөлбөрийн шинжтэй биш бөгөөд  Монгол улсын нийгэм эдийн засгийг  онолын хувьд  хэрхэн оновчтой зөв зохион байгуулах  вэ гэдэг  санал гарган тавьж байгаа юм.

Дээрх судалгааны үр дүнг тэргүүлэгч гишүүд хэлэлцээд  ШУА-иас дээрх төслийн үр дүнг 2050 бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдаж байгааг сайтар  нягтлаад ЭЗХЯ-нд  зөвлөмж болгон  хүргүүлэх,  мөн  дээрх сэдвийн хүрээнд томоохон хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.   

Хоёрдугаарт, 2022 онд ШУА-ийн грантаар хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэж баталлаа.  

Гуравдугаарт, зарим хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, бүтцийг хэлэлцэж шинэчлэн батлав. Тодруулбал,  ШУА-ийн Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Математик, тоон технологийн хүрээлэн, Геологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг, Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн бүтцийг тус шинэчлэн баталлаа.  


Бусад мэдээлэл