Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ЕВРОПЫН XIII ЗУУНЫ ТҮҮХЭН УЧРАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛ ЕВРОПЫН XIII ЗУУНЫ ТҮҮХЭН УЧРАЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, ХБНГУ-ын Бонны Их сургууль, Валштатын ахан дүүсийн холбоо хамтран “Монгол Европын XIII зууны түүхэн учрал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дүгээр сарын 2-ны өдөр ШУА дээр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, академийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Галбаатар, Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид болон Монгол, ОХУ, ХБНГУ-ын 40 орчим эрдэмтэн судлаачид оролцов.

Хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ:  “Манай хоёр ард түмний анх учран золгосон түүх төдийлөн найрсаг байгаагүй нь үнэн боловч тэр цагаас хойш өнөөг хүртэл бид хоорондоо харилцсаар ирсэн билээ. Лигницийн тулалдаан манай хоёр улсын түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг. Иймээс уг тулалдааны түүхт ойд зориулсан энэ удаагийн хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаагаа онцлог юм. Хурлаар Монголын Эзэнт гүрний түүх, XIII зууны үеийн Монгол Европын харилцааны түүхийн сан хөмрөгийг улам баяжуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.  

Тус хурлыг зохион байгуулсан нь Монгол Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийж буй томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд хурлын зорилго нь монгол цэргийн бүтэц, зохион байгуулалт, аян дайнд оролцсон Чингисийн үр хөвгүүд, монголчуудын дэлхийн цэргийн урлагт оруулсан хувь нэмэр, цаашлаад Монголын эзэнт гүрний түүх, тэр дундаа XIII зууны үеийн Монгол Европын харилцааны түүхийг шүүн тунгааж, шинэ баримт хэрэглэгдэхүүн, дүгнэлт гаргалгаагаар түүхийн сан хөмрөгийг баяжуулахад оршиж байв.

Хурлын үеэр “XIII зууны монгол цэргийн бүтэц, зохион байгуулалт”, “Бат хаан ба Лигницийн тулалдаан”, “Валштатын ахан дүүсийн холбооны түүх”, “Лигницийн тулалдаан: Монгол цэргийн урлагийн асуудлууд” зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.



Бусад мэдээлэл