Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Л.Оюун “Монголчуудын санхүүгийн боловсролын тогтолцооны өнөөгийн байдал” сэдвээр лекц уншлаа
Л.Оюун “Монголчуудын санхүүгийн боловсролын тогтолцооны өнөөгийн байдал” сэдвээр лекц уншлаа

ШУА-иас тогтмол зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цурвал лекцийн энэ удаагийн зочноор Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун  оролцлоо. Тэрээр Монголчуудын санхүүгийн боловсролын тогтолцооны өнөөгийн байдал” сэдвээр Монголчуудын эдийн засгийн сэтгэлгээний түүхэн хөгжил, Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжснээр монголчуудын санхүүгийн боловсрол олгодог тогтолцоог хэрхэн сайжруулах, тулгарч буй бэрхшээл зэргээс гадна  хувь хүний санхүүгийн мэдлэгт зориулан ач  холбогдол ихтэй  мэдээллийг  өглөө. 

Дээрх сэдвийн хүрээнд шинжлэх ухааны доктор (ScD) Л.Оюунтай товч ярилцлаа.

 

-Та өнөөдрийн лекцээрээ иргэдэд ямар мэдээлэл өгөхийг зорьж бэлтгэв?

-Монголчууд маань санхүүгийн боловсролтой буюу мөнгөө удирддаг чадвартай болох ач холбогдлын талаар  хэлж өгөхийг зорилоо. Ингэхдээ гурван  зүйлийг анхаараасай. Нэгдүгээрт,санхүүгийн боловсрол гэдэг бол санхүүгийн байгууллагуудын үйлчилгээтэй ихээхэн  холбоотой байдаг.  Хоёрдугаарт, өрхийн санхүү бол эдийн засгийн үндсэн нэгж бөгөөд их онцгой институци юм гэдгийг хэлэхийг хүссэн. Гуравдугаарт,  санхүүгийн боловсролыг олгох тал дээр Монгол улс  өнөөдөр ямар арга хэмжээ  авч, нийгэмд юу болж байна гэдгийг олон нийтэд түгээхийг зорьсон.  

-Монголын санхүүгийн боловсролын индекс бусад улс орнуудаас нэлээд муу байгаа жишээ дурдсан. Энэ харьцуулалтыг ямар аргаар гаргаж байна. Мөн тус индексийг  яаж дээшлүүлэх  вэ?

-Олон улсын байгууллагаас санхүүгийн боловсролын индексийг гаргахдаа утсаар л авчихдаг юм байна.   150 улсад ингэж  хэрэгжүүлсэн байдаг. Жишээ нь, монголд хэрэгжүүлэхдээ монголын талаас асуултаа бэлдүүлсэн.  Нийлмэл хүү гэж юу юм, инфляци  таны амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна вэ гэх мэт 4-5 асуулт бэлтгээд шууд чам руу,  над руу залгаад асуудаг. Ингэж индексийг тогтоодог. Эндээс харж байхад манайхан ерөөсөө тооцоо хийдэггүй гэдэг нь харагддаг. Их муу. Жишээ нь, дараа төлбөрт утас, урьдчилсан төлбөрт утасны төлбөр байна. Дугаар сонгохдоо ч гэсэн өөрийнхөө нөхцөл байдалдаа уялдуулж сонгодоггүй, төлбөрөө хийхдээ яаж хийдгээ мэдэхгүй. Жишээ нь, та сарын төгсгөлд төлбөрөө төлдөг тэр  багц чинь  ямар багц вэ гээд асуухад урьдчилсан төлбөрт, дараа төлбөрт гэдгээ ялгахгүй л байдаг юм байна лээ. Тиймээс манайхан аливаа юман дээр жаахан тооцоотой байгаач ээ гэж хэлэх гээд байгаа юм. Гэр бүлийнхээ орлого, зарлагаа бүртгэж байгаач ээ. Бүртгэлээ орой бүр өнжихгүй хийгээрэй. Ингэж хэвших юм бол аяндаа санхүүгийн боловсролтой болно. Өөрөөр хэлбэл, орлого, зарлагаа бүртгэж байгаа хүн маргааш нь худалдан авалт хийхдээ энэ надад хэрэгтэй юу,  хэрэггүй юу гэж бодож  эхэлдэг. Өчигдөр авсан зайрмаг, чипсийг заавал авах хэрэгтэй байсан уу гээд бодоод эхэлдэг. Тэгэхээр эхний ээлжинд зүгээр л  орлого, зарлагаа бүртгээд сурчих юм бол индексийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.

-Зээл бол орлого гэсэн томьёолол их сонирхолтой санагдлаа?

-Би лекц уншиж байхдаа зааланд байгаа хүмүүсээс Өртэй хүн байна уу? гэхээр бүгд гараа өргөнө. Цалингийн, ипотекийн, машины зээлтэй гэдэг. Тэгээд та нар  энэ зээлээрээ  орлого бүтээж байгаа шүү. Энэ  зээл чиний үйл ажиллагааг өргөжүүлж,  амьжиргааг чинь дээшлүүлж л  байгаа бол тэр зээл бол орлого юм гэж тайлбарлаад “За одоо өртэй хүн байна уу” гэхээр байхгүй гэдэг. Яагаад гэхээр бүгд хугацаандаа зээлээ төлдөг. Хугацаа хэтэрсэн зээлийг л  өр гэж нэрлэнэ. Энэ мэтчилэн үндсэн ойлголт ухагдахуунаа сайн мэдэх юм бол  хүн мөнгөө удирдахад нь хэрэг болдог. Тэр ч байтугай хадгаламж,  хуримтлал 2 ялгаатай. Мөнгө санхүү 2 ялгаатай гэдгийг иргэд холбоо үг шиг л ойлгоод байдаг. Тиймээс  манайхан гол ухагдахуунуудынхаа мөн чанарыг мэдмээр байгаа юм.  

-Санхүүгийн боловсрол олгож буй өнөөгийн  тогтолцоо ямар байгаа юм бэ?

-Дэлхий улс орнуудыг иргэдээ “санхүүгийн боловсролтой болгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлчихсэн, хэрэгжүүлэх гэж байгаа” хэмээн 3 ангилдаг.  Манайх хэрэгжүүлсэнд нь орно. Учир нь 2015-2021 оны хооронд энэ хөтөлбөр  хэрэгжээд дууссан. Энэ хөтөлбөрийн хугацаанд маш  ахиц гарч олон юм хийсэн. Жишээ нь, дунд сургуулийн  ахлах ангид “Бизнес судлал”-ын хичээлийг оруулдаг болгосон нь маш үр дүнтэй ажил болсон. Монгол банкнаас энэ хөтөлбөрөө одоо өргөжүүлж бага анги  буюу 1-5, дунд анги буюу 6-9 дүгээр ангиудад тус хичээлийг оруулахаар болж байгаа. Ингээд цаашаа өргөжөөд явах ёстой. Дашрамд сонирхуулахад, Дэлхийн банкнаас ядуу бага орлоготой улсуудын санхүүгийн мэдлэгийн индексийг энэ онд шинэчлэн судалгаа хийж байгаа. Манай орны хувьд сонирхолтой тоо гарна гэж бодож байна.  Индексүүд өөрчлөгдөх байх. Жишээ нь Өмнөговь аймгийн индекс 5,5 гарч байгаа. Магадгүй энэ судалгаагаар тэрнээс дээш гараад ирж болно. Өмнөговь аймгийн хадгаламжийн байдлыг нь судлаад үзэхээр бүх аймгуудаас өндөр байдаг. Дараа нь Эрдэнэт, Дархан гээд эдийн засаг хаана арай гайгүй байна тэнд хадгаламж өсөөд байдаг.

-Санхүүгийн эрх  чөлөөнд хүрсэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Яаж санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ? гэж  хүмүүс их асуудаг л даа. Өөрийнхөө  мөнгөний хүүгийн орлогоор өөрийнхөө өдөр тутмын хэрэгцээг хангаад эхэлсэн тэр үед л санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Хоол, хүнс, хувцас,  байрны төлбөр, шатахуун гэх мэт өдөр тутмын бүх хэрэгцээ чинь хадгаламжийн хүүгийн орлогоор,  ногдол хүүгийн  ашгаар төлөгдөж байгаа бол чи санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн хүн байна гэсэн үг. Тэгэхээр хүүгийн  орлогоор амьдарч эхэлсэн тэр үеийг санхүүгийн эрх чөлөөнд хүрлээ гэж ойлгодог.  

Нэмж хэлэхэд, “өөртөө байгаа мөнгийг өөртөө ажиллуулдаг болгох” гэж  үг бий. Мөнгөний төлөө чи ажиллах бус мөнгө чиний төлөө ажиллана  ч гэж ярьдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр чи хадгаламжинд мөнгө хийчихлээ. Тэр хадгаламжийн мөнгө цаашаа зээл болно, зээлээс орлого орно. Тэндээс чамд хадгаламжийн хүү орж ирэхийг, чиний хадгаламжинд хийсэн мөнгө чамд орлого олж ирэхийг л чиний төлөө  мөнгө ажиллаад байна гэсэн үг.  Хувьцаа мөн адилхан. Тэгэхээр мөнгөний төлөө биш. Мөнгө чиний төлөө ажиллах байдлаар мөнгөө удирдаж сурах нь өөрөө санхүүгийн боловсрол юм. Эцэст нь хуримтлалтай хүн улсын хөгжилд шууд утгаараа хөрөнгө оруулж байна гэсэн үг. Улсын хөгжилд хувь нэмэр оруулангаа өөрөө бас санхүүгийн дархлаатай болчихож байгаа юм.   

 


Бусад мэдээлэл