ШУА-ийн Физик технологийн хүрээлэн хүрээлэнгийн захиргаа, ахмадын зөвлөл хамтран доктор, профессор С.Доржхандын 80 насны ойд зориулсан “Хатуу биеийн физикчдийн хүндэтгэлийн семинар”-ыг 7 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулав.
Тус семинарт доктор С.Доржхандын шавь нарын төлөөлөл болох ШУТИС, МУБИС-ийн багш нар, түүний гэр бүл, үр хүүхдүүд нь оролцсон юм.
Хүндэтгэлийн семинарын үеэр профессор С.Доржхандын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл практикт нэвтрүүлсэн ажлууд болон түүний гэр бүл, амьдралын талаар илтгэл тавигджээ.
Доктор, профессор Доржханд өөрийн багш, академич Д.Батсуурийн хамт Монгол улсад Хатуу бие, хагас дамжуулагчийн физикийг үүсгэн хөгжүүлэхдээ энэ чиглэлийн эрдэм шинжилгээний ажлын бааз суурийг бий болгож, дотоод нөөц бололцоогоо ашиглан туршилт судалгаанд нэн тэргүүнээ хэрэглэгдэх багаж төхөөрөмжийг зохион бүтээх, үндэсний сэхээтэн бэлтгэх, дотоод, гадаадын их, дээд сургуууль төгссөн мэргэжилтэй боловсон хүчнээр энэ салбарыг хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан манай хүрээлэнгийн төдийгүй манай улсын нэр хүндтэй ахмад физикч, ахмад эрдэмтэн, ахмад сурган хүмүүжүүлэгч хүн юм.
С.Доржханд Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутаг Орхон голын “Хуурай арал”гэдэг газар 1935 онд төржээ. Тэрээр Улаанбаатар хотын I дунд сургуулийг 1955 онд, МУИС-ийн Физикийн ангийг 1961 онд төгсөж, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд 1961 оноос эдүгээ хүртэл хагас зуун илүү хугацаанд ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилтан, сэдэв, төслийн удирдагч, лабораторийн эрхлэгч, залуу үеийг сурган хүмүүжүүлэгч багш, тэнхимийн эрхлэгч, их, дээд сургуулиудын эрдмийн зөвлөл болон эрдмийн зэрэг цол олгох комиссын гишүүнээр тус тус ажиллаж байв. С.Доржханд бол манай тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан, ахмад эрдэмтэн, ахмад сурган хүмүүжүүлэгч, халамжит хань, сайн эцэг, сайн өвөө, авъяаслаг зохион бүтээгч хүн яах аргагүй мөн билээ.
С.Доржханд 1974 онд ЗХУ (хуучин нэрээр)-ын Ленинград хотын Цахилгаан Техникийн Их сургуулийн аспирантурт суралцан “Савгүйгээр хэсэглэн хайлуулах үед фосфид галлийн кристаллыг акцептор хольцоор чанаржуулах арга боловсруулах ба түүний цахилгаан физикийн шинж чанарын судалгаа” сэдвээр Техникийн ухааны дэд докторын зэргийг, ХБНГУ (хуучин нэрээр)-ын Электроны Физикийн Төв Хүрээлэнд “Арсенид галлийн гадаргуугийн боловсруулалт, бүтэц, морфологи ба исэлдэлтийн харилцан хамаарал” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны (Sc.D) докторын зэргийг 1987 онд амжилттай хамгаалж, манай улсын анхны хатуу биеийн физикч Шинжлэх ухааны доктор болсон байна. Доктор С.Доржханд судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнгээр 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвин дотоод, гадаадын хурал, симпозиумуудад илтгэж, нэр хүндтэй олон сэтгүүл, хэвлэлүүдэд нийтлүүлсэн юм.
Судалгааны ажлынхаа үр дүнгүүдийг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэн шинэ бүтээлийн гэрчилгээ авч, үндэсний 30 гаруй стандарт батлуулсан байна.
Энэ хугацаанд оюутан, магистрант, аспирант нарт зориулан сурах бичиг 3-ыг хэвлэлд бэлтгэн хэвлүүлж, гарын авлага, лабораторийн ажил 40 гаруйг боловсруулсан нь одоо ч сургалт, судалгаанд хэрэглэж байна.
Судалгаа, шинжилгээний ажлын зэрэгцээ Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Төмөр замын төв засварын газар, Гаалийн газар зэрэг албан байгууллагуудад материал судлал, металл судлалын лабораториудыг байгуулан тэнд ажиллах мэргэжилтнүүдийг сургаж бэлдсэн ба Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн Институт, МУИС, ШУТИС ба МУБИС-зэрэг сургуулиудад 1961 оноос эдүгээ хүртэл Хатуу биеийн физик, Материал судлал ба материалын технологийн хичээл зааж, жил бүр оюутны курс, дипломын ажил болон энэ чиглэлээр магистрант, аспирант, докторант нарын ажлыг удирдан хамгаалуулж, олон арван магистр докторуудыг төрүүлэн гаргажээ.
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Үүнтэй нэгэн адил ахмадуудын буй болгосон хөрс шороон дээр соёолон ургаж, өсөж өндийж байгаа залуу хойч үе - ахмадын холбоо үеийн үед батжин бэхжихэд энэхүү хүндэтгэлийн семинарын ач холбогдол оршиж байсан юм.