ШУА-ийн Технологийн Инкубатор төв нь ССАЖЯамтай хамтран ажиллах хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл нуурыг тойрсон жуулчны баазууд болон Хатгал суманд байрлах төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг байгаль орчинд халгүй аргаар шийдэх арга технологийг боловсруулан Аялал жуулчлалын үндэсний төв, Хөвсгөл аялал жуулчлалын холбоо, жуулчны баазууд, гэр буудал, айл өрхүүдтэй хамтран микробиологийн дэвшилтэт технологиор аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанаас гарч буй “Ахуйн бохир усыг цэвэршүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах” туршилт судалгааны ажлуудыг энэ оны 5 дугаар сараас эхлэн тодорхой үе шаттайгаар хийж эхэлсэн бөгөөд цаашид 9 дүгээр сарыг дуустал хугацаанд үргэлжлүүлэн хийгдэх болно.
Хамтарсан туршилт-судалгааны ажлын хүрээнд нуурын баруун талд байрлах “Тойлогт” жуулчны бааз нь микробиологийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн тулд 90м3 хэмжээтэй бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд ЕМ технологийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн цэвэршүүлсэн бохир усны дээжинд хийлгэсэн микробиологийн шинжилгээ, бусад лабораторийн шинжилгээний харьцуулсан дүнгээс харахад бохирдлын зэрэг, тоон үзүүлэлтүүдийн хэмжээ буурсан дүн гарсан нь хамтарсан туршилт-судалгааны ажил үр дүнгээ өгч байгааг харуулж байна. Хатгал суманд байрлах төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг байгаль орчинд цэвэршүүлэх туршилт судалгааны ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэж байна.
Түүнчлэн нуурын зүүн талд байрлах “Алаг цар” жуулчны бааз нь микробиологийн дэвшилтэт ЕМ™ технологийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн тулд гурван дамжлагатай бохир ус цэвэршүүлэх технологийн шийдлийг нэвтрүүлэн тодорхой үр дүнд хүрээд байна.
Хамтарсан туршилт судалгааны явцад химийн бус, байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга замаар бохир усыг цэвэршүүлэх технологийг сонгосноор хүрээлэн буй орчны хөрсний бохирдлыг бууруулах түүнчлэн цэнгэг устай Хөвсгөл далайн усыг бохирдуулахаас сэргийлэхийн зэрэгцээ өмнө нь бохир усаа зөөж тээвэрлэхэд зарцуулдаг байсан зардлыг бууруулсан зэрэг эдийн засагт хэмнэлттэй үр дүнгүүд гарч байгаа, уг технологийн шийдлийг эерэгээр үнэлж байгаагаа аялал жуулчлалын баазын удирдлагууд илэрхийлж байсан юм.