ХIII-XIV зуунд Чингис хаан болон түүнийг
залгамжлагч их хаад Ази, Европыг дамнасан асар уудам нутгийг байлдан дагуулж
Номхон далайгаас Персийн булан хүртэлх олон улс орныг эрхшээлдээ оруулсан
дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан билээ. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай
газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж 200 гаруй жил оршин тогтнохдоо
өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан
хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн бөгөөд тэр
нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй юм.
Энэ талаар дэлхийн олон оронд сурвалж, судалгааны
зохиолууд тасралтгүй хэвлэгдсээр байгаа бөгөөд Монгол улсын түүхч эрдэмтэд энэ
сэдвээр цөөнгүй бүтээлийг туурвисан билээ.
ШУА-ийн
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрний салбарын судлаачид,
бусад түүхчдийн сүүлийн 10 гаруй жилийн жилийн турш хийгдсэн судалгаанд
түшиглэн Монголын эзэнт гүрний бүрэн түүх 5 боть зохиолыг нэмж засварлан, шинээр туурвин гаргаад байгаа юм.
Энэхүү
5 боть номын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ном бүтээлцсэн түүхчид,
судлаачид хүрэлцэн иржээ. Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч
Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Монголынхоо түүхчдийн бичсэн Эзэнт гүрний 5 боть
түүхийн номыг нээх ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Учир нь өнөөдөр Чингэс хааны музей байгуулахаар яригдаж байна.
Энэ цаг үетэй давхацан “Монголын эзэнт
улсын түүх” 5 боть ном хэвлэгдэн нийтийн хүртээл болж байгаа нь бэлгэдэлтэй үйл
явдал юм. Энэ бүтээл нь нэгдүгээрт, эзэнт гүрний түүхээр монографийн түвшинд
гарсан анхны 5 боть гэдгээрээ ач холбогдолтой.
Хоёрдугаарт энэ 5 ботийг бүтээхэд монголын түүхээр судалгаа явуулдаг
хүрээлэн, их сургуулиудын эрдэмтэн
судлаачид, хувь судлаачид зэрэг бүхий л хүн оролцож бүтсэн гэдгээрээ онцлогтой болсон.
Хичнээн олон хүн оролцоно төдий чинээ үнэн түүх бичигдэх ёстой. Түүхийг түүхчид
бүтээдэг. Түүхчид ямар өнцгөөр харна ард түмэн тэгж л харна. Та бүхний сүүлийн
10 гаруй жилийн судалгааны үр дүнд энэ боть мэндэлж байгаа нь тус бүтээлийн үнэ
цэнийг тодотгож өгч байгаа юм. Энэхүү номыг
бүтээсэн нийт түүхчдэдээ ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе” гэлээ. Тэрбээр
бас сүүлийн жилүүдэд их сургууль, хүрээлэнгүүд нийлж хамтарсан ном бүтээл гаргадаг болсон. Энэ бол
олзуурхууштай маш сайн заншил тогтож
байна гэдгийг онцолж байлаа.
Монголын түүх судлаач эрдэмтэд энэхүү 5 боть бүтээлийн
өмнө Монголын эртний улсуудын тухай мөн боть ном гаргажээ.
“Монголын эзэнт
улсын түүх” цувралын тэргүүн боть “Их Монгол улс” бүтээлийг академич Ж.Болдбаатар, доктор
Ц.Цэрэндорж, доктор, профессор С.Цолмон,
доктор А.Пунсаг, доктор Ц.Энхчимэг нар хамтран бичсэн байна. Тус бүтээлд Хүннүгээс
эхтэй монгол төрийн уламжлалд тулгуурлан байгуулагдсан Монголын ханлигаас эхлээд,
Чингис хаан, Өгэдэй, Гүюг, Мөнх хааны үеийг хүртэлх Монгол улсын түүхийг
багтаасан агаад сүүлийн үеийн түүх, археологийн судалгааны ололтыг аль болох ашиглахыг
оролдсоны дээр, бичгийн сурвалжийн мэдээг эш татаж, баталгаа нотолгоо болгохыг хичээсэн болно.
“Монголын эзэнт
улсын түүх” цувралын II боть
“Монголын Юань улс” зохиолд Юань улсад төрийн төвлөрсөн эрхийг чангатгасан нь
улс төр төдтийгүй, эдийн засгийн хувьд олон төрлийн аж ахуйг зэрэгцүүлэн
хөгжүүлсэн тухай зэрэг нийгэм, эдийн засгийн түүхийн талаар тодорхой саналуудыг
дэвшүүлсэн байна.
“Монголын эзэнт улсын
түүх” цувралын III боть “Монголын Алтан Ордны улс” зохиолыг доктор С.Цолмон
туурвисан. Алтан Ордны улсын талаар сүүлийн үед гарсан судалгааны үр дүн,
олдвор, баримт зэрэгт тулгуурлан шинэ баримт материалд тулгуурлан авч үзсэн юм.
“Монголын эзэнт
улсын түүх” цувралын IV боть “Монголын Цагадайн улс” зохиолыг доктор Ц.Энхчимэг
бичсэн бөгөөд Дундад Азийн бүс нутагт Монголын эзэнт гүрний зүгээс хэрэгжүүлсэн
бодлого, мөн түүний нөлөө нь Цагадайн хант улсын нутаг дэвсгэрт хэрхэн
хэрэгжсэн, бүс нутгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг зэргийг авч үзсэн
байна.
“Монголын эзэнт
улсын түүх” цувралын V боть “Монголын Ил хант улс” зохиолыг доктор Л.Ганбат,
А.Энхбат нар хамтран бичсэн юм. Зохиолд Ил хаадын зүгээс Бага Ази, Ойрхи
дорнодын бүс нутагт явуулсан улс төрийн бодлого, үйл ажиллагаа, монголчуудын
бүс нутагт үзүүлсэн нөлөөлөл, Бага Азийн бүс нутаг очсон монгол овог аймгийн
түүх, соёлын талаар авч үзжээ.