Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, ОХУ-ын Новосибирск хот хамтран 2016 оны 4 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд хамтын ажиллагааны нээлттэй өдрүүдийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15.00 цагт Монголын Хөдөө Аж Ахуйн Академиийн байранд “Монгол, Новосибирск: Шинжлэх ухааны хамтын ажиллагаа” сэдэвт форумыг зохион байгуулж, 2 талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж санал солилцсон юм.
Тус форумыг нээж Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ: “Манай 2 ард түмний хувьд орчин үеийн ШУ-ны салбар дахь хамтын ажиллагаа 19-р зууны 20-иод оноос эхтэй бөгөөд Монголд орчин үеийн ШУ-ны салбарууд бий болж, хөгжихөд Оросын ард түмэн, ОШУА-ийн гүйцэтгэсэн үүргийг монголчууд хэзээ ч мартах учиргүй юм. Энэ сайхан хөрсөн дээр ОХУ-ын ШУА, түүний Сибирийн салбар, Монгол Улсын ШУА-ийн хамтын ажиллагаа үүсэн бий болоод өрнөн хөгжсөөр байна.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоёр Академийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарсан юм. Учир нь эрдэмтэд хамтарсан судалгааг дан ганц эрдэм шинжилгээний байгуулагуудын зардлаар хийдэг байсан бол 2003 оноос Оросын хүмүүнлигийн шинжлэх ухааны сан, Оросын суурь судалгааны сангийн дэмжлэгийг авдаг болсонтой холбоотой. Дээр нь Монгол улсын ШУА-иас грант олгодог болсон нь бас чухал түлхэц болсон юм. Хамтарсан төслүүд хэрэгжүүлснээр хоёр орны судлаачид харилцан суралцаж, туршлага солилцохоос гадна ялангуяа манай хоёр орны хувьд залуу халааг бэлтгэхэд ихээхэн дэмжлэг болж байна” хэмээв. Түүнчлэн Монгол улсын ШУА, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр нь манай ахисан түвшний залуу судлаачдыг бэлтгэхэд чиглэгдэж ирсэн бөгөөд энэ салбарт олсон амжилтаа бататган, цаашид ч хамтран ажиллах сонирхол их байгаагаа илэрхийлсэн юм.