Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АЛДАРТ ГЕОЛОГИЧ О.ТӨМӨРТОГОО “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА
АЛДАРТ ГЕОЛОГИЧ О.ТӨМӨРТОГОО “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДЛАА

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар академич, геологи-минералогийн шинжлэх ухааны доктор О.Төмөртогоог “Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгсөн юм.

Үүний дараа Монгол улсын Шинжлэх Ухааны Гавъяат Зүтгэлтэн, академич  О.Төмөртогоог ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл болон холбогдох удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Академич О.Төмөртогоо нь Монголын Геологи судлалыг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд даруй 50 жилийн хөдөлмөрөө зориулж байгаа ахмад эрдэмтэн бөгөөд Монгол орны геологи, тектоник, геодинамик, геологийн зурагзүйн зэрэг 4 үндсэн чиглэлээр ажиллаж, нийтдээ 200-аад эрдэм шинжилгээний бүтээл туурвисанаас гадна эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэлийн 10 тайлангийн хамтран зохиогч, орос ба монгол хэлнээ хэвлэгдсэн 3 ном, 30 геологийн төрөлжсөн зургийн редактор бөгөөд Монгол Улсын Үндэсний атлас, энциклопеди, геологийн зураг, эрдэм шинжилгээний цуврал зэрэг 92 бүтээлийн редакцийн зөвлөлд ажилласан байна.

Тэрээр 1970-аад онуудад Дэлхийн геологийн шинжлэх ухаанд шинээр дэвшигдсэн Плейттектоникийн онол болон Геодинамикийн судалгааны шинэлэг аргазүйг Эх орныхоо геологийн судалгаанд нэвтрүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол орны атриат тогтолцоонууд Эртний Монгол-Агнуурын далайн геодинамик хувслын явцад үүссэн тухай онолын үзэл баримтлалыг дэвшүүлээд байгаа манай тэргүүлэх эрдэмтэн билээ.

Академич О.Төмөртогоод төрийн өндөр дээд цол тэмдгээр шагнагдсанд шинжлэх ухааны салбарын нийт хамт олноос баяр хүргэе.


 


 



Бусад мэдээлэл