ШУА-ийн Хими, Хими-Технологийн Хүрээлэнгийн “Материал судлал, технологийн лаборатори” болон ӨАБНУ-ын Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэлийн Судалгааны Зөвлөлийн (CSIR) бүтээцийн материал, аргазүйн судалгааны багийн хооронд “Цахилгаан станцын хаягдал үнсэнд суурилсан геополимер төрлийн материал үйлдвэрлэх технологи боловсруулах” чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэрээг 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулав. Хамтын ажиллагааны гэрээг Монголын талаас ХХТХ-ийн ЭШТА, Академич Ж.Тэмүүжин, ӨАБНУ-ын талаас бүтээцийн материал, аргазүйн судалгааны багийн ахлагч, доктор Жозеп Мапиравана нар үзэглэсэн юм.
Энэхүү хамтарсан төсөл хэрэгжсэнээр эрдэмтэн судлаачид 2 талд солилцоогоор ажиллах, багаж тоног төхөөрөмж ашиглах болон хамтын бүтээл хэвлүүлэх зэрэг боломж бүрдэх юм. ӨАБНУ нь эрчим хүчнийхээ ихэнх хувийг нүүрснээс гарган авдаг учир хаягдал үнсийг ашиглах тал дээр сүүлийн үед онцгой анхаарал тавьж байгаа ба манай эрдэмтдийн хаягдал үнсээр цементгүй бетон хийх ажлыг ихээхэн сонирхож туршлага судлах зорилгоор энэхүү гэрээг байгуулж байгаа тухайгаа судалгааны багийн ахлагч доктор Мапиравана цохон тэмдэглэлээ.
Айлчлалын үеэр цахилгаан станцын хаягдал үнсийг ашиглах чиглэлээр хамтарсан семинарыг энэ оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хими, Хими-Технологийн хүрээлэнд амжилттай зохион байгуулав.