Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ю.ОЮУНБИЛЭГ: ЭМИЙН УРГАМАЛ ХОРГҮЙ ГЭДЭГ БОЛ МАШ БУРУУ ОЙЛГОЛТ
Ю.ОЮУНБИЛЭГ: ЭМИЙН УРГАМАЛ ХОРГҮЙ ГЭДЭГ БОЛ МАШ БУРУУ ОЙЛГОЛТ


ШУА-ийн дэргэдэх Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголчууд эмийн ургамал л сайн гэж хошуурцгаан мэдэх мэдэхгүй ургамлаа хэрэглэж  байгалиа ч эрүүл мэндэдээ сөрөг нөлөө учруулж байна гэсэн юм.


-Сүүлийн үед хүмүүс химийн гаралтай эмээс татгалзаж ер нь эмийн ургамал хэрэглэх сонирхолтой болчихлоо. Гэтэл үүнийг буруу хэрэглэвэл эмээс ч илүү хор холбогдолтой гэдэг үнэн үү?

-Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүний бие организмд сайн байдаг, ямар нэгэн хор холбогдолгүй гэж ярьдаг болчихлоо. Энэ бол маш буруу ойлголт. Эмийн ургамалд химийн бодис маш их хэмжээгээр агуулагддаг. Ялангуяа алкалойд өндөртэй ургамлууд хоруу чанар ихтэй. Зарим тохиолдолд бэлчээрлэж байгаа мал идсэнээс болж хордох тохиолдол бий. Хэрэв маш их хэмжээгээр хэтрүүлэн идвэл үхэж ч болно. 

-Хоруу чанар өндөртэй ургамлыг нэрлэвэл?

-Сүүлийн үед монголчуудын хэрэглэх дуртай болоод байгаа “Мянган уулын их шүүдэргэнэ” гэж эмийн ургамлыг нэрлэж болно. Голдуу хавдар өвчнийг анагаах болон B C вирусыг устгах зорилгоор хэрэглэх болсон. Гэтэл энэ ургамал өөрөө алкалойд өндөртэй учраас яг тунг нь тааруулж хэрэглэхгүй бол аюултай. Магадгүй байгаль дээрээс шууд аваад ууж хэрэглэвэл жин тутамдаа тунг нь тааруулж хэрэглэж байж эерэг нөлөө үзүүлнэ. Харин манайхан дураараа хэрэглэж байна. Ер нь хэдийн чинээ эмийн чанар өндөртэй байна тэр хэмжээгээрээ хоруу чанар өндөртэй бодисын агууламж ихтэй байдгийг иргэд мэдэх чухал.

-Тун гэхээр ардын эмнэлэгээр л тааруулж уух ёстой байх нь ээ?

-Бид нэгэнтээ өөрсдийн уламжлалт анагаахын эмнэлэгтэй юм чинь тэр газраа л хандаж сурмаар байна. Зарим тан 10-20 хүртэл ургамал агуулдаг шүү дээ. Уламжлалт анагаах ухаанд тэрхүү ургамлын хортой бодисыг саармагжуулахыг номхотгоно гэж ярьдаг. Ингэж зөөлрүүлж хүний бид хоргүй болгож байгаа учраас эмнэлэгт хандах нь зөв. Магадгүй тухайн хүн өөрөө мэдээлэлтэй бол зөв тооцоод хэрэглэж болох юм.

-Хавар манайхан яргуй идвэл дархлаанд сайн гэдэг?

-Нэг эрхтэнээ эдгээлээ ч нөгөөг нь өвчлүүлэх хор гэмийн бодисууд ургамалд байдаг шүү гэдгийг олон түмэн маань сайн ойлгоосой. Яргуйг сайн гээд өдийд очоод дураараа түүж хэрэглэдэг.  Хэрэв хэмжээг нь тааруулахгүй бол бас л хортой. 

Харин чихэр өвсийг зажлаад идэхэд хоруу чанар харьцангуй багатай. Хүн өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьж тухайн ургамлаа ямар хор нөлөөтэйг судалж байж хэрэглэх хэрэгтэй. Одоо мэдээлэл нээлттэй байна. Нэг талаасаа ховор ургамлыг устгаад бас эрүүл мэндээ ч алдаад байж таарахгүй.

-Таны мэдэхээр хэрэглэж болохгүй ургамлыг цай болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нэрээр гаргасан тохиолдол бий юу?

-Их шүүдэргэнэ гэдэг ургамлаар цай хийчихсэн байгааг олж харсан. Энэ ургамлыг “Дэлхийн эмийн ургамал” ном дээр хэрэв хэтрүүлж хэрэглэвэл ходоод дотор эрхтэнд хямрал үүсгэх хоруу чанартай дурьдсан байна. Тиймээс хэзээ ч цай хэлбэрээр хэрэглэж болохгүй гэж тусгайлан анхааруулсан. Учир нь цай болгочихвол алкалойдын тунг нь тааруулах боломжгүй байдаг. Гэтэл манайхан цай хийчихсэн байгаа. Бас ягаан, цагаан цээнийн үндсийг цайнд хэрэглэж болохгүй гэдэг. Нөгөө талаасаа нэн ховор, ховор гэж улаан номонд бичсэн хэрнээ өргөн хэрэглээний цай хийж зарж байгаа нь маш буруу хандлага. 

Дорноговийн “Эмээгийн цай”-г гэхэд Япон руу гаргаад эхэлчихсэн юм билээ. Гэтэл найрлаганд орж байгаа шинэсэрхүү бударгана гэхэд Монголд нөөц нь ховордчихсон ургамал шүү дээ. Бид биотехнологийн аргаар ургуулах гээд чадахгүй байгаа.

-Гадуур эмийн ургамал зарж байгаа газар харагддаг. Зарим нь эмийн ургамал биш байна гэсэн яриа ч бий. Үүнийг мэргэжлийн хүний хувьд хэрхэн хардаг вэ?

-Хаа сайгүй л эмийн ургамал гээд зарж байна. Уг нь улаан номондоо данслачихаад ховор, нэн ховор гэж зарлачихсан юм шүү дэГэсэн ч хянаж чадахгүй байгаа нь асуудал юм. Бас нэг асуудал бий. Худалдаачид уут савлагаан дээрээ эрэлттэй ургамлын нэрийг бичээд зардаг ч дотроо өөр ургамал байх нь бий. Үүнийг ургамал судлаачид хараад л танина.  Магадгүй тухайн ургамлыг хийсэн ч яг алийг нь эмчилгээнд хэрэглэх ёстойг мэддэггүй холиод зарж байна. Жишээ нь зарим ургамлын зөвхөн навч эсвэл үндсийг нь л эмчилгээнд хэрэглэдэг. Бас эмийн ургамал эм болохын тулд түүдэг цаг хугацаатай, хатаах арга нь ч өөр байдаг.  Тэгэхээр магадгүй ургамлаа авсан ч яг яаж хатаасан эсэх нь ч бас эргэлзээтэй шүү дээ. Жишээ нь үндэслэг ургамлыг намар түүвэл эмийн чанараа хадгалдаг. Тэгэхэд хүмүүс сайн гээд цээний үндэс авчихдаг. Харин хэзээ түүсэн, яаж хатааснаас хамаараад үйлчилэх эсэх нь энэ мэтээр эргэлзээтэй. 

-Зарим ургамлыг хүмүүс түүсэн түүгээгүй хотжилт, цаг агаарын нөлөөгөөр алга болж байна гэдэг. Ер нь ургамал цэцгийн ач холбогдол нь юу юм бэ?

-Манай улсын бүх ургамал нь ороод 7000 гаруй буюу ядмаг төрөл зүйлтэй оронд тооцогдоно. 

Хэдийгээр манай ургамлууд төрөл зүйл нь бага ч гэсэн байгаль нь онгон дагшин учраас эмт чанар өндөртэй. 

Нэгэнт дэлхийн дулаарал, хотжилтын нөлөөгөөр цаг минут тутамд устаж байгаа учраас бид нэг ургамлыг ч гэсэн үр хойчдоо үлдээмээр байна. Ургамлыг дагаад түүгээр хооллодог амьтан шавьж, хөрсөн доор байгаа микрорганизм бүгд устах сөрөг нөлөөтэй. 

-Хятад гэхэд чихэр өвсийг хамгаалалтандаа авчихсан, түүхийг хатуу хориглосон. Сүүлийн үед Монголоос авч байгаа талаар сонслоо. Үүний цаад шалтгаан?

-Чихэр өвс дэлхийн хэмжээний ховор ургамлын нэг. Хятад, Солонгос, Япончууд бүгд авч байгаа нь учиртай. Манайхан аль дээр цагаас л энэ өвсийг хүнс, эмэнд хэрэглэж ирсэн тухай ном сударт бичсэн. Энэ ургамал монголын уламжлалт анагаахын 60 гаруй тангийн найрлагад ордог. Харамсалтай нь тооцоогүй, замбараагүй ухаж аван, нөхөн ургахыг нь бодохгүй, буруу аргаар олборлосноос тархац, нөөц нь багасч, цөлжилт үүсэх аюултайг бодолцохгүй ашиглаж байгаа.

Манай Монгол оронд ургадаг чихэр өвс эмийн бодисын агууламж өндөр байдаг. Манай оронд Баянхонгор аймгийн гол чихэр өвсний тархац ихтэй газруудаар түүж гадныхан зарсаар бараг дуусгаж байна. Чихэр өвсний үрийг гэхэд 1 кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авна гэсэн сурагтай. Эндээс харахад гадагшаа ямар их эрэлт хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна. Гол нь Монголын газар нутаг ургамлыг зөвхөн монгол л хүн л хайрлана. 

-Гадныхан яаж ховор ургамлаа хамгаалдаг юм бэ?

-Дэлхийн маш олон оронд гадагшаагаа ургамал гаргахад хатуу хорио тавьдаг. Судлаачид хүртэл шинжилгээ судалгаа хийхэд нарийн шалгууртай. Ингэж  байж нөөцөө хамгаалдаг. Бас гаднаас бараг л ургамал авдаггүй. Учир нь түүнийг дагаад орж ирэх хачиг, шавьж зэргийг тооцоолдог. Гэтэл манайхан ОХУ, Хятадаас маш их хэмжээгээр мод оруулж ирж байна. Тэгсэн хэрнээ Монголд үрслүүлсэн мод ургамлаа тоодоггүй.

- Манайхан дэрэвгэр жиргэрүүг хилээр гаргахыг хориглосон шүү дээ?

-Уг нь Биологийн хүрээлэнгийн гаргасан зөвлөмжийн дагуу энэ ургамлыг 5 жил түүхийг хориглосон. Гэсэн ч хүмүүс гаргаж л байна. Өчигдөрхөн гэхэд аль хэдийнэ түүгээд хатаачихсан гаргах гэж байгаа хүмүүсийн талаар сонслоо. 

-Ургамал судлаач хүний хувьд эмзэглэдэг зүйл тань юу вэ?

-Дээр үед Монголчууд шүтлэгээрээ дамжуулаад байгалиа хамгаалдаг байжээ. Рашааны эх орчмоор цэцэг таслах нь байтугай бараг зүглэхгүй. Хэрэв цэцэг ургамлыг нь тасдчихвал лус савдаг хилэгнэнэ гэж ярьдаг байлаа. Харин одоо энэ уламжлал мартагдсаар л. Би гэхэд нутагтаа 20-иод жилийн дараа очсон. Гэтэл рашааны эх орчмын хамаг бургасыг огтолчихсон, ундарга нь татарчихсан байгааг хараад эмзэглэсэн.

Бас улаан номонд орсон Алтанхундага, Хулангийн ундаа гээд нэн ховор ургамлыг савлаад зарж байна. Гэтэл ууталж савлахааргүй бага нөөцтэй ургамал шүү дээ. Хөвсгөлд гэхэд нутгийн иргэд нь нуурынхаа эрэг орчмоор маш ховор ургамлыг маш бага үнээр зараад сууж байгаа харагддаг. Түүж байгаа хүмүүсийн ихэнх нь дэндүү хүнийрхүү хандаж байна. Хуучин цагт 10 ургамал байлаа гэхэд 3-ыг аваад бусдыг нь үлдээдэг байж. Гэтэл өнөөдөр мөнгө олох зорилгоор дуустал нь түүчихдэг нь харамсалтай. Ялангуяа хувиараа эмийн ургамал түүгчид иймэрхүү хандлагатай байх нь бий. Судлаач хүний хувьд энэ бүхэнд сэтгэл эмзэглэж явдаг.

-Үүний цаана экологийн боловсрол гэдэг зүйл дутуу байгаа нь харагдаж байна?

-Германд гэхэд эмийн ургамлаараа маш гоё цэцэрлэг байгуулчихсан байхыг харсан. Тэнд хүний ямар эд эрхтэнд сайн гэдгийг нь тус тусад нь тайлбарлаад биччихдэг юм билээ. Бас хаданд усанд гээд ургадаг орчинд байрлуулчихсан гээч. Тэр цэцэрлэгийг үзэж байгаа хүн болгон ургамлын нэрийг латин нэртэй нь мэдэж байгааг хараад гайхсан шүү. Германчууд өөрсдөө өргөн хэрэглээний ургамлаа мэддэг, түүнийгээ ч зөв тунгаар хэрэглэх мэдлэгтэй улс гэдгийг тэнд очоод мэдэрсэн. Харин манайд бол эсрэгээрээ. Энэ ургамал сайн гэхээр байгаа газраас их хэмжээгээр түүгээд авчихдаг. Эх сурвалж;www.peak.mn



Бусад мэдээлэл