Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монголын нууц товчооны тайлбар толь” номын нээлт боллоо
“Монголын нууц товчооны тайлбар толь” номын нээлт боллоо

Олон улсын бичиг үсгийн өдрийг тохилдуулан ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгээс өнөөдөр "Монголын нууц товчоо судлалын тайлбар толь" номын нээлтээ хийлээ. 

Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) С.Мөнхсайхан нь   дундад үеийн монгол хэлний судалгааны ажлынхаа хүрээнд

-“Монголын нууц товчооны үгийг эшлэн үзүүлсэн толь”

-“Монголын нууц товчооны тонгоруу толь”

-“Монголын нууц товчооны бичвэр судлал”

хэмээх эрдэм шинжилгээний цуврал бүтээлийг хэвлүүлсэн бөгөөд энэ удаа уг ажлынхаа үргэлжлэл болгон “Монголын нууц товчооны тайлбар толь”-ийг зохион хэвлүүлээд байна.

Уг толь нь “Монголын нууц товчоо”-нд гарах бүх үг болон түүнтэй холбоотой тогтвортой хэллэг (холбоо үг, хоршоо үг, зүйр цэцэн үг, хэлц үг гэх мэт)-ийн утгыг орчин цагийн монгол утга зохиолын хэлээр тайлбарласан хэл шинжлэлийн толь бичиг болно. Толийн эрдэм шинжилгээний үнэ цэнэ, мөн “Монголын нууц товчоо”-ны уул эхийг хадгалан үзүүлэх үүднээс толгой үгийг латин галигаар жагсааж, утгыг кирилл үсгээр тайлбарласны гадна холбогдох жишээ өгүүлбэрийг ч мөн латин галиг болон кирилл үсгийн хөрвүүлгийн хамт хадаж өгсөн байна.

“Монголын нууц товчоо” нь XIII-XIV зууны үеийн монгол хэлний түүхэн үгийн сангийн үнэт хэрэглэгдэхүүн болоод зогсохгүй түүх, утга соёлын чухал сурвалж юм. Тиймээс энэхүү тайлбар толь нь зөвхөн хэл шинжлэлийн хүрээгээр хязгаарлагдахгүй, дундад зууны монголчуудын ёс заншил, соёл сэтгэлгээтэй холбогдсон нэлээн өргөн далайцтай судалгаа байв. Иймээс толийг зохиоход “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, ёс заншлыг тусгайлан судалсан гадаад, дотоодын олон эрдэмтдийн судалгаа ихээхэн тус болсон бөгөөд хураангуйлан хэлбэл уг тайлбар толь нь “Монголын нууц товчоо”-г шинжлэх ухааны эргэлтэд оруулсан цагаас хойш хийгдсэн олон зуун судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн бүтээл болжээ. 


Бусад мэдээлэл