Вэбсайтын цэс
Хэлний сонголт
А.МӨНХСАЙХАН: ДӨРӨВ ХОНОГИЙН ДОТОР 650 ГАРУЙ УДААГИЙН ДАВТАЛТ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛООД БАЙНА
А.МӨНХСАЙХАН: ДӨРӨВ ХОНОГИЙН ДОТОР  650 ГАРУЙ УДААГИЙН ДАВТАЛТ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛООД БАЙНА

Гуравдугаар сар гарсаар манай улсад газар хөдлөлт ойр ойрхон давтамтай хөдөллөө. Говь-Алтай аймагт сүүлийн 4 хоногийн дотор л гэхэд  650 гаруй удаагийн давталт газар хөдлөлт болоод болжээ. Энэ тухай ШУА- ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын судлаач, доктор А.Мөнхсайхантай ярилцлаа.  

-Говь-Алтай аймагт хоёр өдрийн давтамжтай ойрхон газар хөдлөлт боллоо. Ингэж ойрхон давтамжтай газар хөдлөлт болж байгаагийн шалтгаан нь юу юм бол?

-Энэ сарын 20-ны өдрийн 11 цаг 3 минутад Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт магнитуд 5.8-тай болсон газар хөдлөлт болсон. Мөн өчигдрийн байдлаар (3 сарын 24-ны 08:00 цагийн байдлаар) тус газар хөдлөлтийн голомтонд 650 гаруй удаагийн давталт хөдлөлт болоод байна.

2020 оны эхний 3 сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 16692 удаагийн газар хөдлөлт болсон. Эдгээрээс 4 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 8 удаа болсноос хамгийн хүчтэй нь энэхүү Тонхилын газар хөдлөлт болоод байна. Ер нь Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог. Өнгөрсөн ХХ зуунд Монгол оронд магнитуд нь 7 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 20 гаруй удаа, түүний дотор магнитуд нь 8 ба түүнээс дээш сүйрэлт хүчтэй газар хөдлөлт 4 удаа болсон нь манай орны нутаг дэвсгэр эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог болохыг батлан харуулдаг.

-Газар хөдлөлтийн давтамж, магнитудын талаар та нэлээд том тоо хэллээ. Газар хөдлөлтийн идэвхижилт жил ирэх тусам нэмэгдэж байгааг та бүхэн бас хэлдэг. Энэ идэвхижилт улс орон даяараа уу, эсвэл Улаанбаатар орчимд нэмэгдээд байна уу?

-Говь-Алтайд болсон саяны  хүчтэй газар хөдлөлт нь Монгол Алтайн идэвхтэй хагарлын бүс нутагт болсон. Өөрөөр хэлбэл, энэ нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтэй ямар ч холбоогүй асуудал юм.

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэвч энэ нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн тухайд авч үзсэн судалгаа юм. Яагаад гэвэл Улаанбаатар хот орчимд 2005 оноос эхлээд газар хөдлөлтийн тооны хувьд огцом өсөлт ажиглагдаж эхэлсэн. Тиймээс бид тус бүс нутагт нарийвчилсан судалгааны ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт жилд дунджаар 80-100 удаа газар хөдлөлт тохиолддог байсан бол 2005 оноос энэ тоо огцом өсөж 1000 гаруй газар хөдлөлт ажиглагдах болсон. Тус бүс нутагт болж буй газар хөдлөлтүүдийн давтамж өнөөг хүртэл буурах хандлага ажиглагдахгүй байна. 2010 оноос хойш Улаанбаатар хот орчмын бүс нутагт олон улсын эрдэмтэдтэй хамтран идэвхтэй хагарлын судалгааны ажлуудыг хийснээр нийслэл хот орчимд Хустай, Эмээлт, Гүнж, Авдар, Шархай, Мөнгөнморьт гэсэн идэвхтэй хагарлууд байгааг тогтоож, нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнд эдгээр голомтуудад магнитуд нь 6-7.8 хүчтэй газар хөдлөлтүүд 1000-6000 жилийн өмнө болж байсан бөгөөд 2005 оноос ажиглагдаж буй идэвхжилт тус бүсүүдийн дагуу болж буйг тогтоосон.

Манай улс 1957 онд анхны газар хөдлөлт бүртгэх аналог станцыг Улаанбаатар хотноо байгуулсан. Өнөөдрийн байдлаар 17 аймгийн нутаг дэвсгэрт нийт 100 гаруй газар хөдлөлт бүртгэх станц байгуулан, тасралтгүй горимоор монгол орны болон хил орчмын газар хөдлөлтийг хянан ажиллаж байна. Газар хөдлөлт бүртгэх станцуудын мэдээллийг бид шууд горимоор Үндэсний Мэдээллийн Төвд хүлээн авч 24 цагаар тасралтгүй боловсруулалт хийж байдаг.

-Багаж тоног төхөөрөмж нэг үеэ бодвол сайжирч байгаа гэлээ. Сайн багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар газар хөдлөлтийг  урьдчилан мэдэх боломжтой юу. Газар хөдлөлт хэдийд болохыг урьдчилж хэлэх боломж байдаг уу?

-Дэлхийн түүхэнд өнөөдрийг хүртэл газар хөдлөлтийг урьдчилж хэлсэн тохиолдол байдаггүй. Газар хөдлөлтийг урьдчилан хэлнэ гэдэг нь тухайн газар хөдлөлт хэзээ, хаана, ямар хүчтэй болохыг хэлнэ гэсэн үг. Судлаачид хаана, ямар хүчтэй газар хөдлөлт болохыг урьд өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөрөөр тодорхойлж чадаж байна. Харин яг хэзээ гэдгийг нарийн хэлэх боломжгүй юм. Дээр хэлсэнчлэн Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд дээр магнитуд 6-7.8-тай газар хөдлөлтүүд 1000-6000 жилийн өмнө болж байсан. Энэ үр дүн юуг харуулж байна гэхээр тухайн идэвхтэй хагарлууд дээр ийм хүчтэй газар хөдлөлтүүд болж байсан гэсэн үг. Тэгэхээр энд ийм хүчтэй газар хөдлөлт болно л гэсэн үг.

-Газар хөдлөлт боллоо гэхэд бид юу хийх вэ. Гамшгийн эсрэг бэлэн байдлаа яаж хангах вэ. Ямар зөвлөгөө өгөх вэ?

-Болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн үед гарз хохирол харьцангуй багатай гарахын тулд урьдчилан сайн бэлтгэлтэй байх нь л чухал. Энэ бас тийм амар ажил биш ээ. Газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг өндөр түвшинд сайн зохион байгуулсан гэж тооцогддог Япон Улс л гэхэд нэн хүчтэй (2011 оны газар хөдлөлт) аюултай газар хөдлөлтийн үед багагүй гарз хохирол амсаж байгааг харахад нийгэмд их хэмжээний аюул эрсдэл учруулдаг байгалийн энэ аюулаас бүрэн урьдчилан хамгаалах асуудал боломжгүй мэт. Гэхдээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайн төлөвлөж бодлоготой хэрэгжүүлсэн, хувь хүмүүс болон мэргэжлийн байгууллагууд нь болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн үед ажиллах дадлага сургууль сайн хийж бэлтгэгдсэн тохиолдолд газар хөдлөлтийн гамшгийн үед харьцангуй хохирол багатай гарч болдгийг олон улсын туршлага харуулдаг. Байгалийн аюулт үзэгдэл болдгоороо л болно. Харин бид тэрхүү аюулт үзэгдлийг хэрхэр хохирол багатайгаар даван туулах талаар бодлого боловсруулж, нарийн төлөвлөгөөтэй ажиллах нь л чухал. Судлаач бидний зүгээс Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны ажлуудыг хийж хөрсний оргил хурдатгалыг нарийн тодорхойлж улмаар газар хөдлөлтийн ерөнхий болоод бичил мужлалын зургийг зохион гаргаж байгаа нь болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлэх, түүнд тулгуурласан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ер нь газар хөдлөлт хүн алдаггүй харин чанаргүй барьсан барилга байгууламж муу хот төлөвлөлт л гамшгийн эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс бид нэгэнт л газар хөдлөлтийн аюултай бүс нутагт амьдарч байгаа учраас газар хөдлөлтийн аюулын талаар мэдээллийг идэвхтэй авч, газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн аюулаас зайлсхийх талаар ойлголттой болох нь чухал юм.

-Өнөөдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.  Энэ өдөрт зориулж та бүхэн  иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн лхагва гарагийг улс орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгосонтой холбогдуулан бид “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан танин мэдэхүйн өдөрлөгийг жил бүр Хүрээлэн дээрээ зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд бид Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Хууль Сахиулахын Их Сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Гамшиг судлалын төв, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан. Өнөөдрийн нөхцөл байдлаас үүдэн энэ жилийн өдөрлөгийг зохион байгуулах боломжгүй болсон хэдий ч бид Хүрээлэнгийн цахим хуудсаар дамжуулан газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдлын талаарх мэдээллүүдийг хүргэж ажиллана.


Бусад мэдээлэл