Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.Рэгдэл Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн баяраар мэндчилгээ дэвшүүллээ
Д.Рэгдэл Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн баяраар  мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэжхөгжсөний 100 жилийнбаярын арга хэмжээн дээр дэвшүүлсэн мэндчилгээ

 

Монгол Улсын Их Хурлын эрхэм дарга аа,

Монгол төрийн мэргэн түшээд- УИХ, Засгийн Газрын гишүүд ээ,      

Номын садан эрхэм нөхөд,  хүндэт зочид оо

 Та бүхэндээ болон эрдэм ухааныг эрхэмлэн дээдлэгч Монгол түмэндээ манай улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын ШУА байгуулагдсаны 60 жилийн ойг  тохиолдуулан Монгол Улсын ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хувийн амьдрал нь аз жаргалаар бялхаж, номын ажил нь ололт бүтээлээр цалгиж байхын ерөөл өргөе.

Бидний өвөг дээдэс төр улсаа төвхнүүлж, тогтнон хөгжсөн хоёр мянганы тэртээгээс бичиг соёлын дурсгалаа бүтээж, нүүдэлчдийн соёл, иргэншлийн язгуур мэдлэг ухааныг баяжуулан,  оюуны хүчинд шүтэн биширч, эрдэмтэн мэргэдээ оройн дээдэд үнэлэн хүндэтгэдэг уламжлалыг өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ.

Ардын засгийн газраас 1921 онд Судар бичгийн (Номын) хүрээлэнг байгуулж,  хүрээлэнгийн анхны захирал Онходын Жамъян гүн "... Судар бичгийн хүрээлэн байн байсаар хөгжин дэлгэрч, ухаан бүгдийг бүртгэсэн ба уран сайхны ажлыг хуран цогцолсон Академи болж чадах буй заа" хэмээн шинэ байгууллагынхаа ирээдүйг тодорхойлсон нь 40 жилийн дараа бодитой ажил хэрэг болж, 1961 онд Монгол Улсын ШУА 5 хүрээлэн, 4 музей, Улсын номын сан гэсэн цомхон бүтэцтэй, 178 эрдэм шинжилгээний ажилтантай  байгуулагдаж, улмаар XX зууны 90-ээд он гэхэд Монгол Улсад шинжлэх ухааны олон салбарын 100 гаруй хүрээлэн, төв, 6000 гаруй ажилтан бүхий үндэсний шинжлэх ухаан, технологийн  бүхэл бүтэн тогтолцоо бүрдэн бэхжээд байлаа.

1990-ээд оноос хойших 30 жилд төр, засгийн бодлого шинжлэх ухаан, технологийн салбарыг нийгмийн тогтолцооны өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэхэд чиглэгдэж ирэв. Монгол Улсын төр засгаас шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, хандлагадаа  бодит дэвшил хийж, эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагадаа хариуцлага, итгэл хүлээлгэж,  шинжлэх ухааны мэдлэг, ололтод тулгуурлан улс орныхоо  урт болон дунд хугацааны бодлого, төлөвлөлтөө хийдэг эерэг соёл, ухаалаг зарчим хэвшиж эхэллээ.

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд манай оронд байгаль, техник, хөдөө аж ахуй, анагаах ухаан, нийгэм, хүмүүнлэгийн суурь шинжлэх ухаан  олон салбар чиглэлээр дэлхийн жишиг, хандлагын дагуу цэцэглэн хөгжих үндэс  баттай тавигдаж, суурь болон хавсарга судалгааны хүрээлэн, төвүүд байгуулагдан, их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний чадамж сайжирсаар ирлээ.

Археологи, палеонтологи, анагаах болон хөдөө аж ахуйн ухааны зарим чиглэлээр манай эрдэмтдийн судалгаа, хөгжүүлэлтийн ажил олон улсын хэмжээнд тэргүүлэх, өрсөлдөх төвшинд хүрч, байгаль техникийн  шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн бүтээлүүд гадаад орны нэр хүнтэй сэтгүүлүүдэд нийтлэгдэж, олон улсын хэмжээнд  судалгаа, хөгжүүлэлтийн ажлын эргэлтэд идэвхтэй ордог боллоо. 

Манай эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүн үйлдвэр практикт нэвтэрч, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.

Монгол Улс шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагуудтай өргөн хэмжээнд харилцаа тогтоож, тэдгээртэй хамтарсан судалгаа, хөгжүүлэлтийн ажил, төсөл хөтөлбөрүүд тасралтгүй хэрэгжиж,  монгол хүний эрдэм мэдлэг  даян дэлхийн оюуны үйлдвэрлэлийн эргэлтэд  идэвхтэй орох боллоо.

Ийнхүү Монгол Улсынхаа  оюуны ертөнцөд хүч хөдөлмөрөө зориулсан  үе үеийн эрдэмтэн судлаачид нэгэн зууны туршид эх орондоо шинжлэх ухаан, технологийн дэвшлийг авчран, нийгмээ соён гэгээрүүлэх,  эрдэм ухаанд түшиглэсэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйл хэргийг ямагт түүчээлэн манлайлж ирснийг түүхт ойн баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд нэн таатай  байна.

Үүний дотор 60 жилийн түүхтэй манай ШУА нь орчин үеийн шинжлэх ухааны онол, хэрэглээний олон салбарыг манлайлан хөгжүүлж ирсний зэрэгцээ Монгол Улсын Үндэсний номын сан, Үндэсний архив, хөдөө аж ахуйн болон анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей зэрэг үндэсний хэмжээний соёл, шинжлэх ухаан, түүхийн өв, түүхэн ой санамжийн  олон байгууллагыг өөрийн хэвлийдээ үүсгэн бүрдүүлж, өсгөн бойжуулж, нас биед хүргэн нийгмийн амьдралд шилжүүлж өгсөн явдал бол Та бидний бас нэг бахархал мөнөөс мөн билээ.

Өнөөдөр Монгол Улсад Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг үр өгөөжтэй өрнүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт   манай салбарын үүрэг улам бүр нэмэгдсээр байна. Судалгаа-хөгжүүлэлтийн ажлын үр дүн, өгөгдлүүд нийгмийн үнэт баялаг болж буй түүхэн энэ цаг үед эх орныхоо хөгжлийн төлөө эрдэм ухаанаа бүрэн дайчлан, мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгийг эдийн засагжуулах үйлст оруулах хувь нэмрээ улам  нэмэгдүүлэхийг цаг наргүй  ажиллаж, оюуны хөдөлмөрөө  зориулж буй нийт эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн судлаачиддаа  уриалж байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа, ард түмний оюун санааны хөтөч болсон шинжлэх ухаан, технологи, инновацын ололт, дэвшлийг бүтээгч  эрдэмтэн судлаач Та бүхэндээ Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан шинэ эрч хүч, бүтээх урам зориг, ажлын өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, аз жаргалтай байж, эрдэм номын эхлэл төгсгөлгүй их аяндаа олз омог арвин байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг дахин өргөн дэвшүүлье.

                              Эрдэм номын ариун гэрэл   Эх сайхан Монгол орныг минь     Эгнэгт гийгүүлж байх болтугай.

                                                                                                     Баярлалаа.

 


Бусад мэдээлэл