Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежментийн ирээдүйн чиг
хандлагыг хэлэлцэн, усны нөөцийн нэгдсэн менежмент Момо төслийн дүгнэх
дараагийн шатанд хүлээлгэн өгөх хурал өнөөдөр үргэлжилж
байна. Хуралд усны салбарын бодлого боловсруулагчид,
эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм. 12 жил хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Шинжлэх ухааны байгуулллагатай хамтрахаас гадна төрийн
захиргааны байгууллагууд, хувь хүмүүсийн оролцоог хангаж өгснөөрөө нэлээд онцлог байсныг
мэргэжлийн хүмүүс тодотгож байна.
Монгол орны хэмжээнд жилд 520 метр куб ус хэрэглэдэг гэсэн
тооцоо бий. Үүний 20 орчим хувь нь гадаргын, үлдсэн 80 орчим хувь нь газрын
доорх усны нөөцөөс татдаг. Дэлхийн цэвэр усны нөөцийн зэрэглэлээр манай
улс цэнгэг усны нөөц багавтар нөөцтэй ангилалд буюу 104 дүгээр байранд жагсч
байгаа нь цаашид энэ асуудал дээр анхаарах болсныг илэрхийлж байгаа юм.
Мянганы хөгжлийн зорилт, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн
бодлогын хүрээнд усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл, баримтлалыг шинжлэх
ухааны судалгаанд суурилан хэрэгжүүлэх нь чухал асуудал болоод байгаа билээ.
Энэ асуудлыг ХБНГУ-ын Боловсрол судалгаанч яамны санхүүжилтээр манай улсад
амжилттай хэрэгжүүлээд буй.
Тухайлбал МоМо
төслийн хүрээнд нэг голын сав газрын усны иж бүрэн судалгааны ажлыг хийж
гүйцэтгэсэн нь практик хэрэглээнд үнэ цэнтэй сан хөмрөг болж чадсан байна. Хамгийн сүүлд гарсан
бодит үр дүн бол “Хараа голын сав газрын атлас”-ыг Шинжлэх ухааны академийн
Газар зүй Геологийн хүрээлэнтэй хамтран гаргасан үйл явдал гэдгийг тус хүрээлэнгийн захирал
Д.Баттогтох онцолж байлаа. “Хараа голын сав газрын атлас”-ны
хувьд 70 гаруй судлаач сүүлийн 10 жилд хийсэн бүтээлийн үр дүн юм байна.
Урт хугацаанд тогтвортой хэрэгжсэн
энэхүү төслийн хүрээнд олон доктор, магистр төслийн үр дүнгээр эрдмийн зэргээ хамгаалсан
нь хүний нөөцийн том үр дүнг авчирчээ.
Төсөл дүгнэх арга хэмжээний үеэр МоМо төслийн удирдагч профессор
Диетрих Борхардтад “Хүндэт доктор” цол шагналыг Шинжлэх ухааны академиас
гардуулж өглөө. Түүнийг 12 жилийн турш эрдэм
шинжилгээ судалгаа, техник технологи, инновацийг нэвтрүүлж, боловсон хүчний чадавхийн
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж олон арван доктор, магистр төрүүлсэн хувь нэмрийг
ийнхүү үнэлж, өргөмжилж байгаа юм байна.