НИТХ, НЗДТГ болон ШУА, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал Шангри-Ла зочид буудлын их танхимд 5 дугаар сарын 4-ний өдөр боллоо.
Энэхүү бага хурлыг анх 2009 онд Монголын хотуудын холбоо, ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байдаг. Хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг шинжлэх ухаанд суурилан, дэвшилтэт технологийг ашиглаж өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьжээ. Хотын хөгжлийн асуудалд шинжлэх ухаан, технологийн шийдлийг нэвтрүүлэх бага хурлыг дахин сэргээж, энэ онд олон улсын хурал хэлбэрээр зохион байгуулахаар хотын удирдлага шийдвэрлэжээ.
Тус хурал нь нэгдсэн хуралдаан, "Хотын хөгжил-эрх зүйн орчин”, “Хотын хөгжил-инноваци”, “Хотын хөгжил-эдийн засаг” гэсэн салбар хуралдаантай хоёр өдрийн турш үргэлжлэв.
Хурлыг нээж НИТХ-ын дарга, “Монголын хотуудын холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ц.Сандуй хэлэхдээ, Энэхүү бага хурал нь Монгол Улсад хотыг хөгжүүлэх, хуулийн хүрээг бий болгох үр өгөөжтэй гэдгийг онцлов.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улс нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж байна. Энэхүү соёл иргэншлийн гол жишээ нь Улаанбаатар хот юм. Тиймээс бид өнөөдөр Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэстэй, орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх ёстой. Зөвхөн нэг хороо, нэг дүүргээр хэсэгчлэн хөгжүүлэх боломжгүй. Хотын хөгжлийг бүтнээр нь, цогцоор нь харсан инженерийн шийдлээр хөгжүүлэх ёстой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа. Инженерийн шийдэлтэй их хот буюу метрополис хотыг хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго байх болно. Улаанбаатар хот өнөөдөр хүн амын өсөлтөөрөө метрополис хотын түвшинд хэдийнэ хүрсэн ч хөгжлөөрөө хоцорч явна. Бусад хотуудын хөгжиж байгаа жишгээр Улаанбаатар хот хөгжих ёстой. Үүнийг бодит ажил хэрэг болгохын төлөө мэргэжлийн инженерүүд ухаанаа зарж, улс төрчид, хотын удирдлагууд тэднийг сонсож, ажил хэрэг болгох нь хотыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх үндэслэл гэж үзэж байна. Нийслэлийн удирдлагууд “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Айл бүр, хүн болгоныг аз жаргалтай амьдруулах нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил. Гэхдээ зорилгодоо хүрэхийн төлөө улс төрийн эр зориг гаргаж, энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд, ИТХ-ын хамт олон та бүхэнд Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Тус хурал нь Монгол Улсад хүн амын нутагшил, суурьшлыг зохицуулах гол арга болох хотыг жигд хөгжүүлэх, энэ зорилгооор хотын эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.
ШУА-ийн
Ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Хот төлөвлөлтийн хувьд тодорхой хугацаанд бодлого
алдагдсанаас нэг сая 300 мянган хүн амтай хотын төв хэсгийн төлөвлөлт бэрхшээл
учруулж байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн шинжлэх ухааны үндэслэлтэй байж алс
хэтийн тогтвортой хөгжлийн суурийг тавих ёстой. Нэн түрүүнд хотыг хөгжүүлэхийн
тулд төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Ингэхийн тулд барилга байгууламжийн хэт
төвлөрлийг сааруулж дэд бүтцийг тэлэх хэрэгтэй. Улаанбаатар хотын газар нутаг
бага учраас дэд бүтцийг тэлэхэд хүндрэл учирч байна. Тиймээс хотын газар
нутгийг тэлэх асуудлыг ойрын үед шийдэх ёстой. Мөн Улаанбаатар хотыг зовоож буй
нэг асуудал нь орчны бохирдол. Орчны бохирдол гэхээр өвөл нь утаа, зун нь
бөөгнөрөл, замын бэрхшээл ярьдаг. Утааг багасгасны үр дүнд хотын хөрсний
бохирдол эрс багасдаг. Хөрсний бохирдол багасхаар усан орчны бохирдол багасах
жишээтэй. Ерөнхий сайдын захирамжийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах Ажлын
хэсэг эхний тайлангаа танилцуулсан. Цаашид хөрс болоод усны бохирдлыг бууруулах
санал санаачилга, шийдэл гаргахаар ажилаж байна. Үүний үр дүнд бохирдол
түвшин түвшиндээ шийдэгдэнэ” гэв. Энэ
удаагийн олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим
эрдэмтэн судлаач, зочид оролцсон юм.
Энэ үеэр “Хот байгуулалт, аялал жуулчлал” сэдэвт үзэсгэлэнг дэлгэсэн байлаа.