Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМТЭД НИЙСЛЭЛИЙН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ГАРЦЫГ ТОДОРХОЙЛНО
ЭРДЭМТЭД НИЙСЛЭЛИЙН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ГАРЦЫГ ТОДОРХОЙЛНО

Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, гарц гаргалгааг тодорхойлох зорилгоор НЗДТГ, Шинжлэх ухааны академи (ШУА) хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Санамж бичигт өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нарын үсэг зурлаа. Энэ хүрээнд ШУА нь Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, нийслэлийг хөгжүүлэх хөрөнө оруулалтын томоохон төслүүдэд ШУ-ны үндэслэлтэй бодлого боловсруулж ажиллана. Мөн агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа, шинжилгээнд түшиглэсэн арга зүйн зөвлөгөө, сургалт семинар явуулж, инновацид тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх санал боловсруулах юм.

Харин НЗДТГ нь тус асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлохолд эрдэмтэн, судлаачдын оролцох нөхцөлийг хангаж, хотын хөгжлийн асуудлаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн болон хөрөнгийн дэмжлэг үзүүлж ажиллана. Түүнчлэн судалгааны ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, сайн түншлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газартай хамтран Инноваци хөгжлийн төвд оюуны өмч, технологи дамжуулах, арилжих дэд бүтцийг байгуулна. Мөн хотын нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалуудыг судлах, Сарьдагийн хийдийн дурсгалыг байгаль, соёлын аялал жуулчлалын төв болгох, Улаанбаатарын хотын түүхч бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, “Монгол Улсын ажиллах хүчний дийлэнх хэсгийг ажлын байраар хангадаг жижиг, дунд үйлдвэрийг НЗДТГ-тай хамтран инновацид тулгуурлан хөгжүүлэх зорилго тавьж байгаа. Нийслэлийн хувьд байгалийн гамшигтай холбоотой хоёр том асуудал бий. Үүний нэг нь газар хөдлөлт. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Сүүлийн жилүүдэд өндөр барилгууд ихээхэн баригдаж байгаа тул бид газар хөдлөлтийн үед тэсвэртэй байх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан мэдэгдлийг хүргүүлж, судалгаа шинжилгээ хийх юм. Дараагийн асуудал нь усны бохирдол. Уг асуудлыг шийдвэрлэхэд ШУА нягт хамтран ажиллах болно” гэв.


Бусад мэдээлэл