МАУА 2017 оны тайлангийн хурлаа хийж, /2017.12.22/ ажлаа дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлов.
МАУА-ийн 2017 оны үйл ажиллагааны тайланг ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав, “Эмнэлзүйн судалгааны хөгжил цаашдын зорилт”, Эмнэлзүйн салбарын дарга, академич Н.Баасанжав, “Нийгмийн эрүүл мэнд судлалын хөгжил, цаашдын зорилт”, Нийгмийн эрүүл мэндийн салбарын дарга, анагаах ухааны доктор Ц.Содномпил, “Био-анагаах ухааны хөгжил, цаашдын зорилт”, Био-анагаахын салбарын нарийн бичгийн дарга, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Энхжаргал, “Уламжлалт анагаах ухааны хөгжил, цаашдын зорилт”, Уламжлалт анагаах ухааны салбарын дарга, академич Ш.Болд, салбарын нарийн бичгийн дарга, эмзүйн ухааны доктор, профессор С.Цэцэгмаа “Эмзүйн салбарын хөгжил, цаашдын зорилт”, нар тус тус хэлэлцүүлж, академийн чуулганаас дэмжиж батлав.
Анагаах ухааны салбар 2017 оны шилдгүүдээ 3 номинациар шалгаруулж, батламж гардуулж, дурсгалын зүйлээр шагнав.
Шилдэг бүтээлийн эзнээр Анагаах ухааны вирүс судлал, дархлаа судлал, физиологи, микробиологи, биотехнологи, эрүүл мэндийн удирдлага, нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны нэр томъёо зэрэг олон чиглэлээр туурвисан 19 боть бүтээл (сүүлийн 8 ботийг 2017 онд хэвлүүлсэн) туурвисан академич П.Нямдаваа тодров.
Шилдэг багаар “Хавдрын үндэсний когорт судалгаа”, “Монгол улс дахь дархлаажуулалтын сувилагчийн хүний нөөц, сургалтын эрэлт, хэрэгцээ, хөтөлбөрийг боловсронгуй болгох нь”, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дархлаажуулалт болон эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд суурилан үнэлэх нь”. “Кавасакийн өвчний үндэсний 3 дугаар судалгаа” зэрэг судалгааг амжилттай гүйцэтгэсэн АШУҮИС-ийн Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам эрхлэгчтэй Эдидемиологи, Био-статистикийн тэнхмийн хамт олон хүртэв.
Шилдэг судлаачаар өндгөвч, ходоодны хорт хадвартай өвчтнөөс хэд хэдэн өвөрмөц генийг ялгасан удамзүйн шинжилгээний үр дүнгээр олон өгүүллийг олон улсын сэтгүүлд нийтлүүлж, олон улсын хуралд хэлэлцүүлсэн Хавдар судлалын үндэсний төвийн лабораторийн их эмч, анагаах ухааны доктор Э.Лхагва-Очир нар тус тус шалгарлаа.
Монголын анагаах ухааны Акадми