Баянхонгор аймгийн Түүх угсаатан, байгалийн түүхийн музейд 1989 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс түр хугацаагаар үзмэрийн зорилгоор MPC-D107/03 дугаартай Тарбозаврын бүрэн бус хэлхээ ясыг хүлээлгэн өгсөн боловч уг олдворт хийгдэх бэхжүүлэлт, сэргээн засварлах ажил хийгдэлгүй олон жил болсон юм.
Уг ажлыг ССАЖЯ-ны захиалгаар ШУА-ийн Палеонтологийн төвөөс тарбозаврын олдворыг буулгах, олон дахин давтан бэхжүүлэх, сэргээн засварлах, шинээр дэглэх үүрэг бүхий мэргэжлийн багийг 5 дугаар сарын 21-нээс 28-ны хооронд 7 хоногийн хугацаатай томилон ажиллууллаа.
Энэхүү олдворыг анх 1986 онд ШУА-ийн Геологийн хүрээлэн (хуучин нэрээр)-ийн палеонтологийн секторын судлаачид олж илрүүлэн, малтлагын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 1987-1988 онд тус хүрээлэнгийн палеонтологийн лабораторид хөрс чулуулгаас нь салган цэвэрлэх техник боловсруулалт болон судалгааны ажил хийгдэж 1989 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын турш музейн үзмэр болгож угсарсан байна. Тус аварга махан идэшт үлэг гүрвэлийн хэлхээ ясыг (зураг1) сэргээн засварлах, дахин бэхжүүлэх, угсран үзүүлэх, хэлбэр дизайныг шинэчлэх болон бусад холбогдох ажлыг ШУА-ийн Палеонтологийн төвийн судлаачдын зөвлөмж, заавар, удирдлагаар “Хүннү арт” ХХК, Баянхонгор аймгийн “Түүх угсаатан, Байгалийн түүхийн” музей зэрэг байгууллага хамтран гүйцэтгэсэн нь соёл, шинжлэх ухааны байгууллага хамтран мэргэжлийн өндөр түвшинд орон нутагт шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үлгэр жишээ болохуйц ажил болсон байна. Уг ажлыг гүйцэтгэх зардлыг ССАЖЯамны дэргэдэх “Археологи Палеонтологийн музейн шинэчлэл төсөл”-өөс гаргажээ.
ШУА-ийн Палеонтологийн төв