Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯПОНЫ ГУРАВ ДАХЬ ХОТОД НЭЭГДЛЭЭ
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯПОНЫ ГУРАВ ДАХЬ ХОТОД НЭЭГДЛЭЭ

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, Монгол-Японы палеонтологийн хамтарсан экспидецийн 20 жилийн ойн хүрээнд  ШУА-ийн Палеонтологийн төвөөс Монгол орныг болон Монголын ШУ-ны ололт амжилтыг сурталчлах зорилготой "Монголын говь: Үлэг гүрвэлийн гайхал төрүүлэм өлгий нутаг" үзэсгэлэнг Японы томоохон хотуудад зохион байгуулж байна.  Уг үзэсгэлэн Япон улсын нийслэл Токио, Осака хотуудад амжилттай зохиогдож Нагоя хотын Шинжлэх Ухааны музейд энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийв.

            Тус үзэсгэлэнг зохион байгуулахад Японы талаас нэр хүндтэй олон байгууллагууд дэмжлэг үзүүлсэн юм. Тухайлбал Японы хамгийн олон уншигчтай сонины нэг "Ёмиури шинбун", соёлын өвийг тээвэрлэхэд арвин их туршлагатай "Ниппон Экспресс" компани, Нагоя хотын Шинжлэх ухааны музей, Хаяшибара Байгалийн шинжлэлийн музейн мэргэжлийн багууд Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллалаа.

Энэхүү шинжлэх ухаан танин мэдэхүйн тусгай үзэсгэлэнд Монголоос авчирсан 26 нэр төрлийн үзмэр, Европоос буцаан татсан үзэсгэлэнгийн зарим үзмэр, хоёр орны эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнд шинээр нээсэн олдвор зэрэг том жижиг нийлсэн 130 гаруй нэр төрлийн үзмэрүүд тавигджээ. Нагоя хотын Шинжлэх ухааны музейд дэлгэн үзүүлж байгаа энэхүү үзэсгэлэн нь Gobivenator mongoliensis gen. et sp.nov. хэмээн шинжлэх ухаанд энэ оны эхээр шинээр тогтоогдсон үлэг гүрвэл болон Монгол-Японы хамтарсан экспедицийн хээрийн судалгааны явцад олдсон Хаяшибара Байгалийн шинжлэлийн музейн лабораторид боловсруулалт судалгаа  хийгдсэн олдвор, цуглуулга болон хоёр орны эрдэмтдийн сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнг түлхүү дэлгэн үзүүлж байгаагаараа өмнөх Осака, Токио хотуудад гаргасан үзэсгэлэнгээс  онцлог байсан юм.

Монголын үлэг гүрвэлийн   үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд тус Нагоя хотын Шинжлэх ухааны музейн захирал, ноён Цунео Ишимару ШУА-ийн Палеонтологийн төвийн захирал, доктор Х. Цогтбаатар, Ёмиури сонины Соёл спортыг дэмжих газрын дарга, ноён Хирото Кусама  болон албаны бусад хүмүүс оролцов.

            Үзэсгэлэнд тавигдсан олдвор, цуглуулгыг угсрах, байрлуулах, дэглэх зэрэг ажлыг ШУА-ийн Палеонтологийн төвийн залуу мэргэжилтнүүд гүйцэтгэж, тус төвийн захирал, доктор Х. Цогтбаатар нээлтийн ажиллагааны үеэр зохион байгуулсан хэвлэлийн бага хурал болон үзэсгэлэнгийн нээлтэнд үг хэлж, нээлтийн туузыг хайчлах ёслолд оролцов.

        Тус үзэсгэлэн Нагоя хотод 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх  юм.


                                               


 



Бусад мэдээлэл