Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР ТОЙРСОН АСУУДЛААР 3 УЛСЫН ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР ТОЙРСОН АСУУДЛААР  3 УЛСЫН ЭРДЭМТЭД ЧУУЛЖ БАЙНА

БНХАУ, Монгол Улс, ОХУ 3 улсын Эдийн засгийн коридор байгуулах хамтын ажиллагааны хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачдын байгуулсан“Тинк танк” холбооны ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо үйл ажиллагаа эхэллээ.

Эдийн засгийн коридор байгуулах ажлыг 3 улсын төр, засгийн бодлогод тусган хөрсөнд буулган хэрэгжүүлэхэд судалгаа, шинжилгээний ажлаар туслаж өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой “Тинк Танк” холбооны анхны хуралдаан, үйл ажиллагаа 2015 онд Монгол Улсаас эхлэн удаалаад ОХУ-ын Буриадын Улаан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод үргэлжлэн 4 удаагаа дахин Улаанбаатар хотноо ийнхүү чуулж байна. Энэ удаагийн форумыг Монгол Улсын Засгийн газар, ШУА, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, БНХАУ-ын “Development Research Center of the State Council” байгууллага, ОХУ-ын ШУА-ийнАлс дорнодын институт хамтран зохион байгуулж, 3 орны эрдэмтэн судлаачдын 30 гаруй илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцэж байна.

Хуралдааны талаар ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич, доктор профессор Г.Чулуунбаатар хэлэхдээ, “Манай гурван улсын Эдийн засгийн коридорын үзэл санаа бол “Торгоны зам”-аас улбаатай түүхэн уламжлалтай юм. Энэхүү үзэл санааг БНХАУ “Нэг бүс-нэг зам”, Монгол Улс Хөгжлийн зам хөтөлбөр, ОХУ “Евроазийн эдийн засгийн коридор” хэмээн томьёолон үргэлжлүүлэн ирж энэ санаан дээр бид нэгдэн, үйл ажиллагааны үр дүнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 улсын төрийн тэргүүн нарын удаа дараагийн уулзалтуудаас тогтсон Эдийн засгийн коридорыг тойрон “Тинк танк” холбоог байгуулан 4 дэх удаагаа хуран чуулж байна. Холбоо өнгөрсөн хугацаанд тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэн хэлбэл, үйл ажиллагааны хүрээнд холбоо маань институц болж дүрэм журам, хамтран ажиллах хэлбэр зохион байгуулалт улам бүр оновчтой болон хэлбэржин бэхжиж байна. Бид өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаар удирдлага, зохион байгуулалтын зарчим дүрмээ шинэчлэн баталснаар “Тинк танк” холбооны үйл ажиллагаа чанарын шинэ шатанд гарах эхлэлийг тавиад байна.

Өнгөрсөн 3 удаагийн хуралдаанд 3 улсын нийт 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцож олон тооны илтгэл бүтээлүүдийг хэлэлцсэн нь 3 улсын гадаад, дотоод бодлогоо тодорхойлох, Эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна. Холбоо үйл ажиллагаа явуулах цар хүрээгээ нарийвчлан тодорхойлж тэргүүлэх ач холбогдол өгөх чиглэлүүдээ боловсруулж байна. 3 улсын Эдийн засгийн коридор зөвхөн эдийн засгийн асуудал төдий бус, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны өргөн дэлгэр үйл ажиллагааны хэлбэр болж байна. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан арга хэмжээ, хийсэн судалгаа, хэрэгжүүлж ирсэн хэд хэдэн томоохон төслийн явцаас харахад хамтын ажиллагааны цаашдын чиглэлүүд тодорхой болж ирж байна” гэв.

3 улсын олон улсын форумын үндсэн хуралдаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжлийн судалгааны төвийн захирал, профессор Ян Чэньхуа, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В.Базаров нар хүндэт төлөөлөгчөөр оролцож, 3 улсын эрдэмтэн судлаачид “Эдийн засгийн коридор: Бүс нутгийн тээвэр, ложистик, дэд бүтэц, цахилгаан сүлжээ, эрчим хүчний нөөц”, бүтээн байгуулалтыг тойрсон асуудлаар илтгэл тавин хэлэлцүүлж байна. Гурван өдөр үргэлжлэх хуралдааны маргааш, нөгөөдрийн хурлаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, тогтвортой хөгжил, байгаль хамгаалллын талаар илтгэлүүдийг сонсож хэлэлцэн бизнес уулзалтууд мөн болох юм.

 


Бусад мэдээлэл