Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль гардуулах ёслол
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль гардуулах ёслол

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “ХУБИЛАЙ ХААН” алтан медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2024.09.24/ ШУА-ийн төв байранд ёслол төгөлдөр боллоо. Энэхүү Шинжлэх ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалийг анх 2008 онд бий болгосон бөгөөд шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, шинжлэх ухааны салбарт хориос доошгүй жил ажилласан, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол Улсын болон гадаадын эрдэмтэнд, мөн Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд олгодог журамтай. Энэ удаа  “Хубилай хаан” алтан медалийг дотоодын 3, гадаадын 2 эрдэмтэнд олгохоор шийдвэрлэсэн байна. Тус  нэр хүндтэй шагналыг  Д.Рэгдэл, Л.Энх-Амгалан, Б.Батцэцэг, В.И.Сергиенко, К.Ёшиока нарт олголоо.
 “Хубилай хаан” медалийн эзнээр тодорсон эрдэмтэн судлаачид, төрийн зүтгэлтнүүдийн товч танилцуулгыг Та бүхэнд хүргэе ээ:

 Дүгэрийн РЭГДЭЛ: 1970 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн дунд сургууль,  1976 онд ЗХУ-ын  Харьковын Улсын их сургууль,   Биохимич, 1985 онд Герман улсын Берлин хотын А.Гумболдтын их сургууль, аспирантур, Энзимологич мэргэжлээр суралцан төгссөн.   1985 онд БНАГУ-ын Берлин хот дахь А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд “Ногоон вандуйн липоксигеназын изоэнзимүүдийг       цэврээр   гарган авах арга, тэдгээрийн шинж чанар” сэдвээр байгалийн ухааны доктор,
 2001 онд Монгол Улсын ШУА-д “Липоксигеназууд: Нийтлэг шинж чанар ба өвөрмөц онцлогууд” сэдвээр химийн шинжлэх ухааны   доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан,
 2002 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич,
 2019 онд Олон улсын академиудын холбооны  академич хэргэмийг тус тус хүртжээ.
 Д.Рэгдэл нь 1976-1977 онд ШУА, ХХТХ-нд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, 1977-1982 онд ШУА, ФТХ-нд эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1982-1985 онд А.Гумболдтын их сургууль, Герман, Математик-Байгалийн ухааны факультет, аспирант, 1985-2001 онд ХХТХ, Биохимийн сектор, эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2001-2009 онд ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, 2016-2024 онд ШУА-ийн Ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байгаад 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Монгол Улсын төр засгаас Д.Рэгдэлийн  хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж  1996 онд Монгол улсын Төрийн Соёрхол, 1998 онд Алтангадас одон, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2021 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ.
Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээс дурдвал:
 1976 оноос ШУА-д ЭШ-ний дадлагажигч ажилтнаас ШУА-ийн Ерөнхийлөгч болтлоо тасралтгүй 50 орчим жил ажиллаж, төрөөс үндэсний шинжлэх ухааны салбарын хөгжилд анхаарах, чиг хандлагыг сайжруулахад оруулсан хувь нэмэр үүний дотор Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Тэргүүлэгчдийн газрын байрыг барьж байгуулах, ШУА-ийн санхүүжилт, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг томоохон ажлыг гардан удирдаж хэрэгжүүлж ирсэн.
Д.Рэгдэл ургамлын саармаг липоксигеназуудын өөрийгөө идэвхгүйжүүлдэг синкаталитик механизм, биологийн мембрантай харилцан үйлчлэлцэх чадвар зэрэг онцлог шинж чанарыг илрүүлэн, урвалын механизмыг цогцоор нь тайлбарлан баталгаажуулсан нь онолын биохимийн салбарт анхдагч ажил болсон.
Д.Рэгдэл нь Монголын Биохимийн салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг бөгөөд Монгол улсад сансрын биологи-анагаах ухааны хөгжлийн эхлэлийг тавьсан эрдэмтдийн нэг юм. Тэрээр “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд сансрын нислэгийн үед хүний бие организмд үүсэх сөрөг нөлөөллийг алиментар замаар бууруулах чиглэлийн судалгаанд оролцсон. Энэ судалгааны хүрээнд монгол чацарганы тосыг сансрын нисгэгчдийн хоол хүнсэнд хэрэглэж, сансрын нислэгийн үед цусанд үүсэх чөлөөт радикалын хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон.

Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН: 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгч
2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2021-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд
2021- 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг хашиж байна.
Монгол Улсын төр засгаас  Л.Энх-Амгалангийн хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 2005 онд Алтангадас одон, 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.
Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээс дурдвал:
Л.Энх-Амгалан нь дэлхийн жишиг, дотоодын онцлогт нийцүүлэн Монгол улсын шинжлэх ухаан технологийн салбарын эрхзүйн орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн чиглэлийн санхүүжилтийг бий болгох, эрдэм шинжилгээний ажилтны оюуны үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхааран ажилласан байна.

Бадгарын БАТЦЭЦЭГ: 1990 онд ЗХУ-ын Скрябины нэрэмжит Москвагийн Мал эмнэлгийн академид бакалавр магистрын зэрэг,  2004 онд Япон, Обихирогийн мал эмнэлэг хөдөө аж ахуйн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвд “Бэлчээрийн хачгаар дамждаг адууны бабезиоз өвчнийг оношлох молекул биологийн өвөрмөц арга боловсруулсан нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
2014 онд ХААИС-ийн дэд профессор, 2017 онд  ХААИС-ийн профессор, 2015 онд ХААШУА-ийн гишүүнээр тус тус сонгогджээ.
1993-1999 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн хачиг шавж эгэл биетэн судлалын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан,
1990-1993 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн хачиг шавж эгэл биетэн судлалын лабораторид эрдэм шинжилгээний туслах ажилтан,
2004.4-2006.3 Японы Обихирогийн Мал эмнэлэг Хөдөө аж ахуйн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвд Японы шинжлэх ухаан технологийн дэмжих сангийн тэтгэлэгт профессорын статустай зочин судлаач,
2006 оны 4 дүгээр сараас 2006 оны 12 дугаар сар хүртэл Японы Обихирогийн Мал эмнэлэг Хөдөө аж ахуйн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвд BRAIN төслийн үндсэн судлаач,
2007-2012 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрхлэгч,
2011-2012 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд захирал,
2012 оны 9 дүгээр сараас одоог хүртэл Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.  
Б.Батцэцэг нь судалгааныхаа үр дүнгээр  2013, 2014, 2015 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн шилдэг судлаач шагнал, 2016 онд БСШУЯ-ны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал, 2016, 2017, 2018 онд ХХААХҮ-ийн Сайдын нэрэмжит шилдэг инновацын грантын шагнал, 2018 онд Монгол Улсын Засгийн Газрын Шилдэг Инновацын бүтээгдэхүүн шагнал, 2019 онд БШУЯ-ны  Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал, 2020 онд ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит шилдэг инновацын грантын шагналыг тус тус хүртжээ.
Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээс дурдвал:
Мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгааныхаа үр дүнд тулгуурлан  шинжлэх ухааны өгүүлэл 150 гаруйг бичиж түүнээс 56 нь олон улсын мэргэшсэн судлаачдын хянан баталгаа хийгдэж хэвлэгддэг импакт фактор бүхий сэтгүүлд хэвлэгдсэн. Олон улсын хамтарсан болон засгийн газрын санхүүжилттэй 7 төслийг удирдаж амжилттай ажилласнаас хамгийн том төсөл нь Монгол улсад анх удаа хэрэгжсэн Японы ЖАЙКА, АМЕД байгууллагаас 4.8 сая долларын санхүүжилттэй САТРЕПС төслийг амжилттай удирдсан. Олон улсын патент 1, дотоодын патент 7, ашигтай загвар 4-ийг Оюуны өмчийн газраар батлуулжээ.

Валентин Иванович СЕРГИЕНКО: 1961-1966 онд Алс Дорнодын Их Сургууль, Физик, математикийн факультет, 1971 онд органик бус химээр боловсролын доктор, 1989 онд физик химийн мэргэжлээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ.
1971-1992 онд Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Химийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, гүйцэтгэх захирал,
1992-2001 онд Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбар, Дэд ерөнхийлөгч,
2001-2022 онд Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбар, Ерөнхийлөгч,
Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбар, Дэд ерөнхийлөгч, Зөвлөх,
2022-одоог хүртэл Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Химийн хүрээлэн, Захирал
2002-2018 онд Эрдэм шинжилгээний зөвлөх,
2018 оноос одоог хүртэл Алс Дорнодын Улсын Их сургуулийн Байгалийн ухааны Сургууль, Захирал;
2011-2014 онд Оросын ШУА-ийн Дэд ерөнхийлөгч,
2022 - одоог хүртэл Оросын ШУА-ийн Зөвлөх:
2000 онд ОХУ-ын ШУА-ийн Жинхэнэ гишүүн (Академич)
1997 онд ОХУ-ын ШУА-ийн гишүүн (тохиролцсоноор)
1996 оноос ОХУ-ын ШУА-ийн Радиохимийн нийгэмлэгийн гишүүн
1999 оноос ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын экологийн асуудал хариуцсан эрдмийн зөвлөлийн дарга
2001 оноос Витус Берингийн Олон улсын лабораторийн дэд дарга
2008-2024 онд Номхон Далайн Шинжлэх Ухааны Нийгэмлэгийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Үндэсний Хорооны тэргүүн
2012-2016 онд Азийн шинжлэх ухааны академи, нийгэмлэгүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн (AASSA)
2014-2021 онд Олон улсын зэврэлтээс хамгаалах зөвлөлийн гишүүн
2012 онд  Хүндэт одон
2001 онд Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн академийн хүндэт доктор
2011 оноос FEFU-ийн Шинжлэх ухааны Зөвлөлийн гишүүн
“FEB RAS Bulletin”, “International Journal of Molecular Spectroscopy”, “Corrosion: Materials, Protection”, “Chemical Technology” сэтгүүлүүдийн редакцын зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож байжээ.
Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээс дурдвал:
Функциональ материал гарган авах, үйлдвэрлэх физик-химийн шинэ арга, технологи боловсруулж, органик биш ба физик химийн салбарт гаргасан томоохон амжилт, Оросын ШУА-ийн Алс дорнодын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбар ба Монгол Улсын ШУА-ийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Кацужи ЁШОКА: 1980 онд Японы Кюшюгийн Их сургууль, 1987 онд  Японы Кюшюгийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2001 оноос Япон Улсын  Каназавагийн их сургуулийн профессороор ажиллаж байна.
Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээс дурдвал: Профессор К.Ёшиока нь Молекул ба эсийн биологийн судалгааны чиглэлээр олон улсад нэр хүндтэй эрдэмтнээс гадна залуу мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхааран ажилладаг туршлагатай сурган хүмүүжүүлэгч юм. Судалгааны ажлын үр дүнд тулгуурлан 100 орчим эрдэм шинжилгээний бүтээл туурвил нийтлүүлжээ. Монгол Улсад шинжлэх ухааны нарийн мэргэшлийн судлаач эрдэмтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал: МУИС-ийн Биологийн ухааны факультетын (хуучнаар) Молекул биологи, генетик, болон Биохимийн тэнхим төгссөн 13 судлаач Каназавагийн Их сургуулийн докторантур, магистрантурт суралцаж төгссөн ба тэдгээрийн 8 нь профессор К.Ёшиока багшийн шууд удирдлага дор суралцаж, орчин үеийн судалгааны арга зүй эзэмшин магистр, докторын зэргийг амжилттай хамгаалжээ.














Бусад мэдээлэл
Эмгэнэл
3 сарын өмнө
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө