Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛЫН НИЙГМИЙН БҮТЦИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ” СИМПОЗИУМ БОЛЛОО
“МОНГОЛЫН НИЙГМИЙН БҮТЦИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ” СИМПОЗИУМ БОЛЛОО

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбараас ахмад социологич, доктор (Ph.D), дэд профессор Ц.Уртнасангийн 70 насны ойг тохиолдуулан “Монголын нийгмийн бүтцийн судалгаа, шинжилгээ” социологичдын симпозиумыг 4 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Энэ жил Философийн хүрээлэн байгуулагдсаны 45 жилийн ой тохиож буй бөгөөд тус симпозиум нь хүрээлэнгийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон арга хэмжээний нэг нь байв.

Симпозиумын үйл ажиллагааг тус хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D) Ш.Ариунаа нээж үг хэлсний дараа ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар баяр хүргэж, үг хэлэв.

Симпозиумын үйл ажиллагаа үндсэн хоёр хэсгээр явагдлаа. Эхний хэсэгт доктор (Ph.D)  Ц.Уртнасангийн судалгааны ажлын үндсэн чиглэл болох нийгмийн бүтцийн судалгаатай холбогдуулан Монголын нийгмийн бүтцийн судалгаа шинжилгээний өнөөгийн байдал, уламжлалын талаар  түүний шавь нар, хамтран ажиллагч бусад эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Үүнд: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Ц.Цэцэнбилэг “Монголын нийгмийн бүтцийн судалгааны уламжлал”, МУИС-ийн Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), профессор О.Мөнхбат “Дунд ангийн төлөвшлийг төрийн бодлогоор дэмжих нь”, МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Социологи, нийгмийн ажлын тэнхмийн багш, доктор (Ph.D) М.Батбаатар “Монгол дахь орлогын давхраажил: хүн ам зүйн үзүүлэлтээр хийсэн зарим шинжилгээний үр дүн”, Хөгжлийн санаачилга, бодлого судлалын төвийн захирал, доктор (Ph.D) С.Мөнхбаатар “Нийгмийн бүтцээс хамаарсан нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавилаа.

Симпозиумын дараагийн хэсэгт ахмад эрдэмтэн судлаач доктор Ц.Уртнасанд 70 насны ойн мэнд хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Ахмад эрдэмтэн судлаач, доктор (Ph.D) Ц.Уртнасанд МУИС-ийн хүндэт докторын цол олгосныг МУИС-ийн Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), профессор О.Мөнхбат гардуулж баяр хүргэсэн нь онцлох үйл явдал байв.

Симпозиумд ФХ-ийн хамт олон, урьд өмнө хамт ажиллаж байсан ахмад судлаач эрдэмтэд, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим, МУИС-ийн Философийн тэнхим, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Удирдлагын академи, Монголын уламжлал академи, НХХЯ-ны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, БХЭШ-ний хүрээлэн, Тэнгэр дээд сургууль, Идэр дээд сургууль зэрэг их дээд сургууль, хүрээлэн төвийн эрдэмтэн судлаачид, багш нар,  IRIM, Хөгжлийн эрэлд ТББ, Хөгжлийн санаачилга, бодлого судлал болон бусад судалгааны төвийн төлөөлөл олон судлаачид оролцлоо.

Монголын социологичдын ээлжит симпозиум нийгмийн бүтцийн судалгаа шинжилгээний өнөөгийн хүрсэн түвшин, судалгаа шинжилгээний ажлын уламжлалд дүн шинжилгээ хийж, хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлын үр дүнгийн талаар мэдээлж, цаашид судлах чиглэл, судалгааны арга зүйн анхаарах зүйлсийн талаар хэлэлцсэнээрээ ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Мөн социологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад эрдэмтэндээ хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Философийн хүрээлэн, Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын хамт олон, шавь нар нь доктор (Ph.D) Ц.Уртнасангийн бүтээлийн эмхтгэлийг хэвлүүлж, багшдаа бэлэг барьснаараа түүний бүтээлийг хойч үеийн залуу судлаачид, эрдэмтэн судлаачдад танин мэдүүлэх, ахмад эрдэмтний судалгааны арга зүйн туршлагыг хуваалцах, судалгааны үр дүнг нь шинжлэх ухааны эргэлтэд оруулах боломж бүрдэж буй билээ.




Бусад мэдээлэл