Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОХУ-ЫН ХАВДАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ ШУА-Д ЗОЧИЛЛОО
ОХУ-ЫН ХАВДАР СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ  ШУА-Д ЗОЧИЛЛОО

П.А.Герцений нэрэмжит Москвагийн Хавдар судлалын хүрээлэнгийн захирал, ОХУ-ын ШУА-ийн гишүүн, академич Каприн  Андрей тэргүүтэй төлөөлөгчид ШУА-д зочилж /2023.08.07/ Ерөнхийлөгч Д.Рэгдэл болон анагаах ухааны салбарын төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Энэ үеэр хорт хавдар нь манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд ялангуяа хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, эмчилгээ, оношилгооны  шинэ арга технологид суралцах, нутагшуулахад хамтран ажиллах, эхний ээлжид орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах хамтарсан сургалт, судалгаа хийхээр ярилцлаа.

Хорт хавдар тэр дундаа элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог хөгжүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологиудыг практикт нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж буйг зөвлөлдөж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол Улсад хавдар судлалаар мэргэшсэн боловсон хүчин хангалтгүй буйг ярилцаж, тус асуудлыг шийдвэрлэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Монголын эмч, мэргэжилтэн, судлаачдад сургалт, семинар зохион байгуулж, туршлага солилцох үүднээс ОХУ-д дадлагажуулах зэрэг ажлыг хамтран зохион байгуулах боломжтой талаар ярилцлаа. Түүнчлэн судалгаа шинжилгээний ажилд ахиц гарахуйц хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн тэдгээрийн үр дүнгээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан ном, сэтгүүл хэвлэн нийтлэх талаар хамтын ажиллагааны гэрээ хийхээр тохиролцов.

 


Бусад мэдээлэл