Шинжлэх ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаа “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүрmсэн билээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шилдэг судалгааны бүтээлийн 100 сая төгрөгийн шагналаа гардаж авсан юм.
Тэрээр 1975 онд 22 насандаа Хөдөө аж, ахуйн их сургуулийг Малын их эмч мэргэжлээр төгсөж, Мал эмнэлгийн хүрээлэнд ажиллаж эхэлжээ. 1975-1982 онд шинжлэх ухааны дэд доктороор ажиллаж байгаад 1982-1985 онд Москвад сурахаар явсан байна. Сурсан мэдлэгээ туршилт, судалгаагаа нарийн боловсронгуй болгоход ашиглан олон жил тууштай, амжилттай ажилласан тэрээр 1995-2006 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, 2006-2013 он хүртэл Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын албан тушаалыг тус тус хашжээ.
Одоо тэрээр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Монголын шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч хийж байгаа бөгөөд өдгөө хөдөө аж ахуйн салбарт 45 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Ингээд түүнтэй шагналт судалгааны бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. “Технологийн дэвшлийн шагнал”-ыг “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртжээ. Бүтээлийн онцлог болон хэр хугацаанд хийж бүтээсэн тухайгаас ярилцлагаа эхлэе?
-Бид юун түрүүнд паразиттах өвчнийг тоолдог, малд хэзээ гарч эхэлдэг, үржил хөгжлийн цикл хэрхэн явагддаг, биологийн шинж чанар нь ямар байдаг, малд болон гадаад орчинд хэрхэн амьдардаг зэрэг нарийн, онолын судалгааг 1975-1990 он буюу 15 жил хийсэн. Малын биеийн гадна болон дотно шимэгчлэгч хорхойгоор үүсдэг өвчнийг паразиттах буюу шимэгч өвчин гэдэг. Жишээ нь, малын хамуу, үхрийн арьсны гуур, ходоод, гэдэсний цагаан хорхой зэрэг өвчин багтана. Шимэгч буюу паразит хорхойнууд нь малын биеэс шим тэжээлийн бодисыг нь байнга сорон шимэгчилдэг. Мөн хамуу зэрэг өвчнүүд бусад малд халдварладаг. Мал гадна болон дотно шимэгч хорхойгоор өвчилсөн үедээ их хэмжээгээр эцэж турж, ашиг шимээ алдан, улмаар үхэлд хүрдэг. Энэхүү аюулт өвчнийг хэрхэн устгах ёстойг олон аргаар туршиж малын бие дээр тархалтыг таслан зогсоох ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд 15 жилийн турш нарийн судалж байх хугацаандаа эх орондоо хэрэгтэй бодит зүйл хийж, паразит өвчнийг устгах шинэ технологи боловсруулахаар зориг шулуудсан юм. Гэхдээ хийхийг зорьсон зүйлээ бүтээхийн тулд ганцаараа ажиллаж чадахгүй юм байна гэдгийг ойлгож, шавь сургууль байгуулж, хамтран ажиллах багтай болсон. Ингээд 80-аад оны сүүлээр 20 оюутан сонгон мэргэшүүлж эхэлсэн. Тэднээс шинжлэх ухааны зургаан доктор, дэд доктор 10 гарсан байна. 1990 оноос шавь нартайгаа хамтран гадаадаас авдаг байсан эмийг Монголдоо үйлдвэрлэдэг болохоор ажилласан. Тус оноос хойш одоог хүртэл 30 жилийн турш эм бэлдмэл үйлдвэрлэж, нийт 28 эмийн патент авсан байна. Эдгээр эм бэлдмэлээс хоёр нь үйлдвэрлэлд сайн нэвтэрсэн юм. “Технологийн дэвшлийн шагнал” хүртсэн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” гэж нэрлэгдээд байгаа бүтээгдэхүүн бол Авермонмек, Альмонзол хэмээх эм юм. Нэг нь тарилга бөгөөд гадна талаас нь паразитахад хүргэдэг шавьж, хачгийн өндгийг тогтоохгүй болгодог, харин нөгөө эм нь туулга буюу дотоод шимэгчийг устгадаг юм. Уг шагналыг хүртэхийн тулд дөрвөн шалгуурыг давах ёстой байдаг юм билээ. Нэгд, гадаадад танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн байх, хоёрт, оюуны өмчийн хуулиар батлагдсан буюу патентжуулсан байх, гуравт, үйлдвэрлэлд бүрэн нэвтэрсэн, хэрэглэгчид таниж мэдсэн, дөрөвт, эдийн засгийн ач холбогдол нь өндөр байх ёстой. Энэхүү шалгуурт дүйцэхүйц бүтээл нь Авермонмек, Альмонзол эм байсан учраас уг шагналыг хүрсэн болохоо мэдсэн. Уг эмийг 1990 оноос эхлэн хийхээр төлөвлөж туршаад 1995 оноос анхны хувилбарууд гарч 2000 оноос бага хэмжээгээр үйлдвэрлэсэн. Тэгээд 2003 оноос эхлэн одоог хүртэл тогтвортой үйлдвэрлэж байгаа юм. Ямар ч эм бэлдмэлийг ганц хүн хийхгүй. Бид лабораторид усан гахай, туулай, хулгана болон хөдөө явж малд туршилт хийнэ, лабораторид хортой, хоргүйг нь тогтоох зэрэг маш нарийн ажлыг манай хүрээлэнгийн ажилчид, шавь нартайгаа хамтдаа хийсэн. Энэ бүтээл маань хамт олны бүтээл юм. Лабораторийн түвшинд бага хэмжээгээр буюу нэг, хоёр литрийг л хийдэг байсан бол үйлдвэрт 100, 200 литрийг хийх хэрэгтэй болох учраас хурдан, чанартай хийхэд бас л их туршилт, цаг хугацаа, хичээл зүтгэл шаардсан. Ингээд тусгай үйлдвэрлэлийн технологи боловсруулах шатыг давсан. Харин дараа нь үйлдвэрлэх болоход манай улсад тухайн үед нэг ч үйлдвэр байгаагүй. Одоо ч ганцхан байгаа. Эмийн үйлдвэртэй болохын тулд Хятадын Засгийн газартай хамтарсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх уралдаанд оролцож 180 гаруй төслөөс шилдэг наймд шалгарсан. Миний мэдэж байгаагаар манай төслөөс гадна “Арвин” сальфитка үйлдвэрлэх төсөл шалгарсан. 1991 онд хамт үйлдвэр нээж эхэлсэн болохоор би энэ бүтээгдэхүүнд их дуртай байдаг юм. Ингээд 120 мянган ам.доллараар эм үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авсан. 120 мянган ам.доллар гэхээр их мөнгө мэт санагдаж байгаа биз. Гэвч тухайн үед доллар хэдэн зуун төгрөгөөр л хэмжигддэг байсан шүү дээ. Гэхдээ бид үйлдвэрээ босгож, зээлээ 10 жилийн хугацаанд төлж дуусгаад өнөөг хүртэл эм бэлдмэлээ хөгжүүлж үйлдвэрлэдэг, туршсаар байна.
-Эдгээр эм дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа юу. Гаднаас энэ төрлийн эм орж ирдэг болов уу?
-Эмийн үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чадалтай. Тэр байтугай гадагшаа гаргаж ч болно. Бид яагаад ихээр үйлдвэрлэхгүй байна вэ гэвэл, худалдаж авах хэрэглэгчид буюу малчдын боломж хомс байгаа юм. Мөн хуурамчаар эм их орж ирдэг. Бүр Хятадын Эрээнд үйлдвэрлэсэн хямд эм орж ирж байна. Энэ бол ёстой болохгүй зүйл. Түүнчлэн бидний үйлдвэрлэсэн зүйлийг худалдаж авсан хүмүүс шаглаж зарах юм. Үүнийг л зогсоохгүй бол бидний ажлыг дэмжих, хөгжүүлэх ард түмний буюу малчдын хөшүүрэг дутагдаад байна. Хөдөө орон нутагт бөөний худалдааны цэгтэй болчихвол дамнаж зарах буруу тогтолцоо зогсоно. Тэгж байж малчид монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хямд өртгөөр авах боломж бүрдэх юм. Хэдий ийм байгаа ч бид ирэх жилээс гадагшаа гаргахаар төлөвлөсөн байгаа. Оросын Буриад, Киргиз рүү гаргахаар гэрээ хийсэн.
-Паразиттах өвчин хэрхэн тархдаг вэ. Биологийн онцлог нь юу вэ?
-Манай мал сүрэгт гадна талаас нь хачиг, хувалз, шарх, хамуу гэх мэт 56 зүйл, дотор талаас нь 182 зүйл буюу ходоод гэдэс, уушгины цагаан хорхой байдаг. Ингээд малд нийт 220 гаруй паразиттах шимэгчилдэг юм. Шимэгч болгон өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл, шар хэдгэнэ үхэрт авгалдайгаа цацчихаад үхчихдэг. Авгалдай нь гурван үеэр хөгжин үхрийн нуруунаас гарч ирдэг. Тэгээд газарт дөрөвдүгээр сарын орчимд унахад ихэнх нь үхдэг. Амьд гарсан авгалдай нь арав гаруй хоногийн дараа хэдгэнэ болдог. Жилд нэг удаа ийм маягаар хэдгэнэ гарч ирдэг юм. Ерөнхийдөө бүхий л малд байдаг паразит өвчин үүсгээд байгаа гадна талын шавьж, шимэгчид ийм тогтолцоогоор оршин байдаг. Бэлчээрийн хачиг гэхэд цус сороод газар унаж өндгөө шахаад үхдэг. Гарсан өндөг нь хэсэг хугацааны дараа хос зургаан хөлтэй авгалдай болж тарвага, зурмын цусыг сорж, жижиг хувалз шиг амьтан болж газар унана. Тэгээд гаднах хальс нь гуужиж дөрвөн хөлтэй хачигтай төстэй шавьж болоод дахин тарвага, зурмын цусыг сорж, наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэнд бие гүйцсэн хачиг болдог юм. Бие гүйцсэн хачиг нь хулгана зурмын нүх, шороонд ичээд хавар газрын температур “0” градус хүрсний дараа гарч ирээд дахин малд халддаг юм. Энэ мэт паразиттах өвчин үүсгэж буй зүйл болгон өөр өөрийн гэсэн биологийн онцлог, оршин тогтнох чадвартай байдаг.
-Тэгэхээр малд байдаг хачиг, хувалз гэх мэт паразиттах өвчин үүсгэж буй шавьж нь байгалийн тогтолцоогоор эргэх холбоотой гарж ирдэг юм байна. Тэгвэл тэдгээрээс малчид малаа хамгаалахын тулд ямар, ямар арга хэмжээ авах ёстой байдаг юм бэ?
-Нэгд, хавар, намар өвөлжөөнд орохоосоо өмнө хашаагаа ариутгах ёстой. Ялангуяа хамуу мэтийн хүнд зүйлээр паразиттах өвчинтэй мал байгаа тохиолдолд заавал ариутгах хэрэгтэй. Тэгээд ардын уламжлалт аргууд болох малаа салхи сөргүүлж бэлчээх, харганатай биш энгийн газар бэлчээх. Мөн эмээ хэрэглэх гэсэн үндсэн хэдхэн зүйлсийг мөрдлөг болгох хэрэгтэй юм.
-Хөдөө аж ахуйн салбарыг технологийн дэвшилтэт аргаар хөгжүүлэх нь манай улсад ямар давуу талыг бий болгох вэ?
-Юун түрүүнд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Малаа гадагш худалдаалах, арьс ширээр нь юм хийх зэрэг. Малын өвчлөлийг багасгаж арьс, үсийг нь гэмтээхгүй байх нь малын арьсыг үнэ хүргэхэд тустай. Мөн өлөн гэдсийг гадагш гаргах гэхэд мөн л өвчлөлөөс болж нүхтэй, чанар нь муудсан байвал юу ч хийж болохгүй болчихож байгаа юм. Өлөн гэдсийг үнэтэй авдаг учир нь хамгийн нарийн мэс заслын утас хийдэг учраас тэр. Дотор эрхтэнд оёдол хийхийн тулд өлөн гэдсээр утас хийж хэрэглэвэл өлөн гэдэс нь биеэнд тогтоод шингэчихдэг юм. Эцэст нь, малыг заавал эрүүл байлгах хэрэгтэй. “Хүний их эмч хүнийг эмчилдэг, малийн эмч хүн төрөлхтнийг эмчилдэг” гэж Оросын эрдэмтэн хэлсэн байдаг. Эрүүл бүтээгдэхүүн, сүү, мах хэрэглэх юм бол хүн эрүүл байна. Тиймээс малын эмч хүн амыг эрүүл байлгах тулгуур юм шүү дээ. Паразиттих өвчинтэй тэмцэх аргыг дээд зэргээр боловсруулж, хөгжүүлэхгүй бол гадагшаа гаргах нь бүү хэл, махнаас болж бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө илрэх эрсдэлтэй.
-Одоо та ямар туршилтан дээр ажиллаж байна вэ?
- Авермонмек, Альмонзол буюу туулга болон тариагаа сайжруулахаар ажиллаж байна. Жишээ нь, хачигнаас хамгаалах тариа нэг нь 14 хоног үйлчилдэг. Гэтэл хачиг гуравдугаар сарын дундаас зургаан сар хүртэл бараг гурван сарын турш малд ордог юм. Тиймээс л 60-90 хоног малыг хамгаалах тариаг ирэх оноос үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хичээж байна. Ингэхдээ 5-6 бодис ордог байсан бол 3-4 бодис ордог болгож, хөдөлмөр болон худалдаалах үнийг бууруулах боломжийг хайж байна. Харин туулгыг хүнд технологиор үйлдвэрлэгддэг. Тодруулбал, Есөн түүхий эд ордог байсан бол таван түүхий эд ордог болгож сайжруулахаар ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
ITOIM.MN