Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА, МАЛАЙЗИЙН ПЕРЛИС ИХ СУРГУУЛЬТАЙ ГЕОПОЛИМЕРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
ШУА, МАЛАЙЗИЙН ПЕРЛИС ИХ СУРГУУЛЬТАЙ ГЕОПОЛИМЕРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Малайз-Индонезийн геополимерийн хамтарсан хурал Малайзийн Куала-Лумпур хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд боллоо. Тус хуралд урилгаар Монгол улсын ШУА-ийн Хими, Хими-Технологийн Материал судлал технологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжин оролцлоо. Тэрээр Геополимер материалын суурь шинжлэх ухааны үндэс, өөрийн лабораторид хаягдалд үнсэнд суурилсан геополимер материалын синтезийн талаар шинээр гарсан үр дүнг нэгтгэсэн илтгэл хэлэлцүүлсэн байна. Мөн Малайз болон Индонезийн их сургуулиудын мастер, докторын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан багш нарт зориулан геополимер материалын талаар тусгай сургалт зохион байгуулав.

Хурлын үеэр Малайзийн Перлис Их Сургуулийн Геополимер материал, ногоон хөгжлийн төв болон ШУА-ийн Хими, Хими-Технологийн Хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт Малайзийн талаас Перлисийн их сургуулийн захирал Профессор  Dr. Kamarudin Hussin болон Монголын талаас академич Ж.Тэмүүжин нар гарын үсэг зурлаа. Мөн хурлын үйл ажиллагааны үеэр Малайзийн геополимерийн нийгэмлэгийн үйл ажиллагааг албан ёсоор нээв.  

Малайз улс нь 29 сая хүнтэй, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 12000 америк доллараас давсан ойрын жилүүдэд зүүн өмнөд азийн тэргүүлэгч эдийн засгийн тоонд орох зорилготой яваа улс юм. Малйзын шинжлэх ухаан технологи, инновацийн яамны орлогч сайд хэлсэн үгэндээ хаягдал түүхий эдийг боловсруулах, геополимер төрлийн шинэ бетон, ногоон технологи нь үйлдвэрлэл практикт нэвтрэх боломжтой судалгааны чиглэл болохыг онцлон зааж Малайз улс инновацийн ийм чиглэлүүдийг дэмжин ажиллана хэмээн цохон тэмдэглэв. Монгол улсад хийгдэж буй хаягдал үнс ашиглан геополимер төст шинэ төрлийн бетон, холбогч гаргах судалгаа нь олон улсын түвшинд хүрснийг энэхүү хурал харуулсан юм. Мөн энэ үеэр Академич Ж.Тэмүүжинд Малайзийн Перлис их сургуулийн геополимер материал, ногоон хөгжлийн төвийн шинжлэх ухааны зөвлөх болох хүсэлтийг албан ёсоор тавьж,  тэрээр уг хүсэлтийг хүлээн авсан байна.

Малайз-Монгол улсын шинжлэх ухааны байгууллагуудын хооронд санамж бичиг байгуулсанаар  хоёр орны эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд харилцан мэдээлэл солилцох, хамтын хурал зохион байгуулах, хамтын төслийг Малайз болон гуравдагч улсын санхүүжилтээр хэрэгжүүлэх зэрэг олон боломжууд бий болж байгаа юм.


 



Бусад мэдээлэл