Монгол улсын батлан хамгаалах яам, шинжлэх ухааны
академи хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан шинжлэх ухаан, технологи, инновацийн тухай хууль, эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд хамтарсан судалгаа явуулах, сургалт, судалгааны ажлыг нягт уялдуулах, харилцан мэдээлэл, санал солилцох, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, цаашдын зорилтыг тодорхойлох зэрэг асуудлыг шийдэхийг зорьж байгаа юм.
Талууд улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбарын болон салбар дундын судалгаа хөгжүүлэлт, туршилтын ажил явуулах нөхцөл бүрдүүлж, төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Тодорхой асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх чиглэлээр Шинжлэх ухааны академи, түүний харьяа хүрээлэнгүүд нь батлан хамгаалахын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллана.
Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн
лабораторийг батлан хамгаалахын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай
хамтран ашиглаж, зарим хүрээлэн дээр түшиц тэнхим байгуулах, Шинжлэх ухааны
өндөр технологи бүхий гарааны (start-up) компани хамтарч байгуулах чиглэлээр ажиллана гэж санамж бичигт тусгажээ.