Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор академийн эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдээс хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад хандивлах үйл ажиллагааг 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Ном хандивлах ёслолын үйл ажиллагаанд ШУА-ийн удирдлагууд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ийн гишүүн С.Бямбацогт болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Шинжлэх ухааны Академийн зүгээс 2013 оноос эхлэн хөдөө, орон нутгуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Ховд, Завхан, Архангай, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Төв аймгуудтай 4 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр аймгуудаас хамтын ажиллагааны хүрээнд тодорхой үр дүнд хүрсэн, хамгийн идэвх санаачилгатай ажиллаж байгаа аймгуудын нэг бол Ховд аймаг юм. Иймд энэ удаагийн “Номын баярын өдөр”-өөр ШУА-ийн зүгээс Ховд аймгийн ЗДТГ-т 3 сая төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг ном хандивлалаа. Ном бэлэглэх үйл ажиллагаанд ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэн манлайлан оролцсоны зэрэгцээ Газарзүйн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв номын сан, Археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Биологи-ботаникийн хүрээлэн зэрэг хүрээлэнгүүд идэвх санаачилгатай оролцлоо.
Аймаг орон нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэд болон Монголын Архитекторын Эвлэлийн ажилтнууд хамтран Ховд аймгийн Дөргөн, Манхан сумдын “Сумын төвийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулахад шаардлагатай урьдчилсан судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Өнгөрөгч 4 дүгээр сарын 19-ны өдөр ажлын хэсгийнхэн Ховд аймгийн Дөргөн сумын “Сумын төвийн ерөнхий төлөвлөгөө”-г сумын Иргэдийн хурлаар хэлэлцүүлж, өндөр үнэлэлт авчээ.
Одоогоор ШУА-ийн харъяа Физик технологийн хүрээлэн Ховд аймгийн Дөргөн сумын захиргаатай хамтран ажиллах гэрээг байгуулан Дөргөн сумын Аргалант багийн төвийг ногоон эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжсэн үлгэр жишээ багийн төв болгох зорилгоор “Үлгэр жишээ багийн төв” төсөл, Ховд аймгийн “Шим Ус” ХХК-тай хамтран тус аймаг дахь халуун усны газруудын хэрэглээний халуун усыг нарны эрчим хүчээр халаах зорилгоор “Нарны энергийг халаалт, халуун усны хэрэгцээнд ашиглах” зэрэг төслүүдийг боловсруулан захиалагч байгууллагуудад нь хүргүүлээд байна.
Ирэх онуудад манай эрдэмтэд Ховд аймгийн Манхан захиалгаар тус сумын Хар үзүүрийн усалгааны системийн ТЭЗҮ боловсруулах, Улаанхүрээ багийн услалтын системийн давхар сувгийн зураг төсөв зохиох зэрэг ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн ШУА, ССАЖЯ-тай хамтран 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингисийн талбайд зохион байгууллагдсан "Номын баяр"-ын нэгдсэн үйл ажиллагааны үеэр 21 аймагт 4 сая төгрөгийн өртөг бүхий 100 ширхэг номыг бэлэглэсэн байна. Цаашид Шинжлэх ухааны академийн зүгээс бүх нийтийг соён гэгээрүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд хүргэх зорилгоор нийслэл болон хөдөө орон нутгуудад ном хандивлах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.