Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй цөөн хором ярилцлаа.
-Гэр хорооллын 100 мянган айлын янданд шүүлтүүр суурилуулахаар 2019 оны төсөвт 54 тэрбум төгрөг суулгах асуудал яригдаж байна. Ер нь янданд шүүлтүүр тавих нь хэр шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл вэ. Та энэ шийдлийг дэмжиж байгаа юу?
-2019 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулахад өмнөх жилүүдээс хамаагүй том төсөв тавьсан. 193 тэрбум төгрөг гэдэг бол маш их мөнгө. Үр ашигтай зарцуулж чадвал агаарын бохирдлыг эрс бууруулах боломжтой. Гэтэл энэ төсвийн нэлээдгүй хувь нь гэрийн яндангийн шүүлтүүрт зарцуулагдах чигтэй байна. Индукцийн шүүлтүүр нь яндангаар гарч байгаа утааг буцааж эргүүлээд, бүрэн шатаагаад гаргах юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Ер нь яндангийн шүүлтүүр бол шинэ зүйл биш. Манай цахилгаан станцуудын янданд шүүлтүүр тавьсан байдаг. Гэрийн янданд тавих шүүлтүүрийг хаана хийлгэх, ямар онцлогтой байх тухай мэдээлэл алга байна. 100 мянган янданд индукцийн шүүлтүүр тавихад 100 мянган цахилгаан мотор хэрэгтэй болно. Янданд шүүлтүүр тавина гэдэг бол янданд цахилгаан мотор тавина л гэсэн үг. Тэр эрчим хүчний тооцоог гаргасан уу, эрчим хүчээр хангаж чадах уу гэдэг асуудал байгаа юм. Утааны асуудлыг углуургаар нь шийдэх асуудал бол янданд шүүлтүүр тавих биш гэдгийг баттай хэлж чадна. Нэгэнт гэрээ хэлцэл хийгээд шүүлтүүр тавихаар болсон бол тэр шүүлтүүрээ монгол эрдэмтдэдээ өгч судлуулах ёстой. 100 мянган индукцийн шүүлтүүр, 100 мянган цахилгаан моторыг гадаадад захиалж хийлгэх шаардлагатай болно. Тухайн шүүлтүүрийг гэрийн янданд тавихад аль хэр цахилгаан эрчим хүч шаардлагатай, мотороор яндангийн утаагаа соруулах уу. Индукцийн пилтерийг аль хэр хугацаанд ашиглах вэ, үнийг нь бууруулах боломжтой юу гээд олон асуудлыг судлуулж байж шийдэх ёстой. Харамсалтай нь тэр шүүлтүүр одоо бидний гар дээр алга байна. Сайн судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэлд л төсвөө зарцуулах ёстой. Өмнө нь 200 гаруй тэрбум төгрөгийг утаа бууруулахад зарцуулсан, үр дүн алга байна. 193 тэрбум төгрөг дахиад салхинд хийсэх вий дээ гэсэн болгоомжлол байна.
-Утааны асуудлыг янданд шүүлтүүрээр шийдэхгүй гэж байна. Тэгвэл шинжлэх ухааны үндэслэлтэй өөр ямар шийдэл байж болох вэ?
-Өнгөрсөн жил утааг бууруулах асуудлаар Ажлын хэсэг гарч ажилласан. Дэд ажлын хэсэгт нь манай Шинжлэх ухааны салбарын төлөөллүүд оролцоод маш тодорхой санал гаргаад Засгийн газарт хүргүүлсэн. УИХ-ын хоёр ч байнгын хороонд эрдэмтдийн саналыг танилцуулсан. Гэхдээ Засгийн газар утааг бууруулахад яг ямар чиглэлд ажиллаж байгаа талаар бидэнд мэдээлэл алга байна. Манайд төр, шинжлэх ухааны байгууллагын, мөн төр, иргэний нийгмийн байгууллагын хоорондын эргэх холбоо маш бага байдаг. Боловсруулсан саналыг хүлээж авсан бол эргэж мэдэгдэж, ийм ажил хийж байна, ямар санал байна гэсэн маягаар эрдэмтэдтэйгээ санал зөвлөлдөх ёстой.
-Эрдэмтэд утааг бууруулах чиглэлээр ямар санал боловсруулж өгсөн юм бэ?
-Эрдэмтэд утааг бууруулахад авч хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээ юу байх вэ, түүнийг дагалдуулж хийх зүйлсийн талаар саналаа тодорхой гаргаж өгсөн. Нэгд, утааг бууруулах суурь асуудал юунд байна вэ. Үүнд саналаа маш тодорхой хэлсэн. Ерөөс гэр, орон сууцны дулаалгын асуудал суурь нь байна. Гэр, орон сууцны дулаалгыг сайжруулах асуудал бол утааг бууруулах хамгийн суурь асуудал мөн юм. Яагаад гэвэл дулаан алдагдлыг бууруулаад, дулаалгыг сайжруулснаар дулаан алдагдал буурах юм. Дулаан алдагдлыг бууруулаад сайн дулаалж чадвал одоо хэрэглэж байгаа эрчим хүчээ хоёр дахин хэмнэх тооцоо гарч байгаа юм. Энэ бол их том тоо. Жишээлбэл, таван ханатай гэрийг 4-4.5 кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар хангана гэдэг тооцоо байдаг. Маш сайн дулаалсан, дулаан тусгаарлагч материалаар дулаалга хийсэн гэрийг бол 2-2,5 кВт эрчим хүчээр хангаж болохоор байгаа юм. Гэрийг халаахад зарцуулах дулааны эрчим хүчний хэмжээг хоёр дахин буурна гэсэн үг. Тэр хэмжээгээр түлшний хэрэгцээ хоёр дахин буурна. Энэ тооцоогоор бодоход агаарын бохирдлыг бууруулах суурь асуудал бол дулаалгын асуудал байгаа юм. Харамсалтай нь дулаалгын асуудлыг ярихгүй байгаа юм. Уг нь Засгийн газар, Агаарын бохирдлын үндэсний хороо энэ дулаалгын асуудлыг ярих ёстой. Бүр хамгийн харамсалтай нь манай зарим төрийн түшээд эрдэмтэд үр ашигтай тодорхой санал боловсруулаагүй гэж хэлж байна. Боловсруулсан саналыг ойлгох хэрэгтэй. Үнэхээр ойлгохгүй байгаа бол эргэж бидэнтэй холбогдох ёстой.
Түүнээс гадна түлшийг бага хэрэглэдэг болохын тулд Монголчууд дулааны аккумляторын үйлдвэр л байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, таван ханатай гэрт зориулсан дулаан хуримтлуулагч хийх юм. Ийм туршлага манайд эрдэмтдэд ч, мөн гадаадад ч олон туршлага байна. Манайд шөнө маш их цахилгаан илүү гардаг. Гэтэл тэр цахилгаанаа Орос руу буцаагаад бараг үнэгүй өгчихөж байгаа. Түүний оронд гэр хорооллын шөнийн үнэгүй цахилгааныг дулаан болгоод дулааны аккумляторт хуримтуулах боломжтой юм. Тэгээд өдөрт нь гэрээ дулаан хуримтлуулсан акумлятороор дулаацуулж болно. Энэ бол маш сайн шийдэл. Засгийн газар энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой. Монголдоо дулааны аккумляторын үйлдвэр байгуулах, эсвэл гадаадаас дулааны аккумляторын эд ангиуд авч ирж угсраад нийлүүлж болно. Монгол эрдэмтэд өдөрт 19-21 градуст тогтмол дулаан байлгах дулааны аккумляторууд хийж байгаа. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн шийдэл мөн. Монгол эрдэмтдийн хийсэн дулааны аккумлятор ч бий. Гэрт дулааны аккумлятор тавьснаар өдөрт гал түлэх шаардлагагүй, цахилгаан халаагуур залгах шаардлагагүй болох юм.
С.Цэрэндэжид itoim.mn сайт